Тренд

МОНГОЛЫН HУУЦ ТОВЧООНЫ HУУЦAAС

Ч.ҮЛ-ОЛДОХ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа. -“Монголын нууц товчоо” судлалын сүүлийн үеийн сониноос манай уншигчдад дуулгана уу? -Монголчуудын түүх бичлэгийн алдартай дурсгал “Монголын нууц товчоо” –ны эхний арван бүлэг зохиогдсоны 790 жилийн ой нь энэ онд тохиож байна. Чингис хаан 1227 онд нас барсан, 1228 онд Их хуралдай зарлан “Монголын нууц товчоо”-г хэлэлцээд “Эзэн Чингис хаан улны хөлсийг магнайд гартал

магнайн хөлсийг уланд хүртэл шүдний махаар хоол хийж, шүлсээр унд хийж явж энэ төрийг байгуулсан.Төр улсыг төвхнүүлэх тийм амар биш” гэдгийг бичсэн гэж үзсэн байгаа юм. Их хуралдай хэрэг дээрээ Чингис хааны гавьяа зүтгэл, төрт улсаа байгуулсан агуу их үйл хэргийн мөн чанарыг “Монголын нууц товчоо” гэдэг гайхалтай дурсгал бичгээрээ баталгаажуулж, тухайн үедээ Алтан ургийнхан тусгай тахилга, тайлгатай, мөргөл хийдэг ёс төртэй байсан шиг байгаа юм. Сүүлд Тогоонтөмөр хаан төрөө алдаж, 1863 онд Бээжингээс зугтаж, Инчан буюу

Барс хотод таалал төгссөний дараагаар хятадын цэргүүд уулгалж, Монголын чухал, чухал юмыг олзолж авсан. Энэ цагаас эхлэн “Монголын нууц товчоо”-ны нууц алдагдсан. “Монголын нууц товчоо”-ны үнэ цэнэ нь нэг ёсондоо буурсан гэдэг юм уу, тодорхой хэмжээнд багассан гэх үү, ямартай ч монголчуудын хувьд нарийн нандин юмнууд нь алдарсан шиг байгаа юм. Сүүлд нь “Монголын нууц товчоо”-г хятадаар галиглан буулгаж, Хятадын Ху Йуан Шэ болон Ма Ша Ихэ гэж Юань улсын монгол хүмүүс, шалгарсан түшмэлүүд “Монголын нууц

товчоо”-г гайхалтай сайхан галиглан буулгаж, хажуугаар нь хятадаар орчуулсан. Тэр эх нь олдсон. Жинхэнэ монгол бичгээр бичсэн эх нь өнөө хүртэл олдоогүй. Тийм учраас орчуулгын эхийг газар, газрын судлаачид 800 –гаад жил судалсаар өнөө хүрчээ гэж болно. “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” БОЛ ДЭЛХИЙН СУДЛАГДАХУУН -Ер нь “Монголын нууц товчоо” судлалын ажил хэдийнээс эхэлсэн бэ? – Мин улсын үеэс “Монголын нууц товчоо” судлал үүссэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, судалгааны ажил эхлээд 500-600 жил болж байгаа болох юм

даа. Хятад, Монголын эрдэмтдээс гадна сүүлийн үед бусад орны эрдэмтэд хүч тавин судалж ирлээ. Иймээс “Монголын нууц товчоо” судлалын ажил Монголын хилээс аль хэдийнэ хальж, дэлхийн хэмжээний, олон улсын том судлагдахуун болж өргөжсөн. Нэртэй том эрдэмтдээс дурдвал, Японы Кобаяши Такаширо, Озава Шигэо, Оросын эрдэмтэн С.А.Козин, “Монголын нууц товчоо”-ны зарим эхийг орчуулсан А.М.Позеднеев, Б.И.Панкратов, Германы Хениш, Хайсег, АНУ-ын нэрт монголч эрдэмтэн, “Монголын нууц товчоо”-г маш

нарийн судалсан Ханс Петер Вийце, Австралийн агуу их судлагч Игорь Дэ Рахевилз нар байна. Ингээд нэрлээд байвал дэлхийн хэмжээний том судлаач олноор төрж гарсан. Тийм учраас товчлоод хэлэх юм бол, “Монголын нууц товчоо” зөвхөн Монгол орны төвийгүй Азийн, тэр байтугай дэлхийн хэмжээнд судлагчидтай болсон. -“Монголын нууц товчоо”-ны судалгааны, шинжилгээний ажлын далайц, давтамж, үе шат бүр нь онцлогтой гэлцдэг. Энэ талаар? -Ажиглаж байхад “Монголын нууц товчоо” –ны судалгаа, далайн давалгаа шиг үе үе

хүчтэй түрж орж ирж, сайн бүтээлүүд гарч байсан байдаг юм. Тэр нь их төлөв “Монголын нууц товчоо”-ны ойгоор голдуу. Тухайлбал, 700, 800 жилийн ойгоор гэх мэт тодорхой үе шаттай нь харагддаг л даа. Энэ онд “Монголын нууц товчоо”-ны эхний 10 бүлэг зохиогдсоны 790 жилийн ой тохиож буйг би түрүүнд хэлсэн. Тэгвэл “Зууны мэдээ” сонин өнгөрсөн хавраас эхлэн “Нууц товчооны нууцаас” гэсэн ярилцлагын булан сэдэж, хөтлөн явуулсныг харсан. Сайхан санаачилга гэж бодож дотроо билэгшээж байлаа. Монгол хүн билгээр, төв хүн

шидээр гэдэг дээ. 2018 он “Монголын нууц товчоо”-ны эхний 10 бүлгийг зохиосон жил учраас билэг бодсон хэрэг л дээ. “Монголын нууц товчоо”-г хулгана жилийн хуран сард зохиолоо гэж байдаг ч оны махбодь нь байдаггүй. Усан хулгана юм уу, ямар хулгана юм бэ, махбодь нь байхгүй. Тэгвэл 1228 онд ч хулгана жил, 1240 онд ч хулгана жил таарч байгаа. Миний хувьд 1228 оны хулгана жилийг гэж боддог. Тиймээс тэр оноор хэлж байгаа хэрэг. Харин төгсгөлийг хойш нүүлгэж 1240 онд Өгөөдэй хааныг өөд болсны дараагаар сүүлчийн хоёр

бүлгийг нэмж бичсэн байдаг шүү дээ. Энэ талаас хүмүүс нэлээд цалгарддаг. Иймд би энэ онд “Монголын нууц товчоо”-ны маань гол зонхилох эхийг тэрлүүлсэн 790 жилийн ой тохиож байна гэдгийг уншигчдадаа дуулгачихъя. Ц.ДАМДИНСҮРЭН БАГШИЙН ОРЧУУЛГА ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ -“Монголын нууц товчоо”-г судлаачид сүүлийн жилүүдэд ямар ажил сэдэж, хийж байна вэ? -“Монголын нууц товчоо”-г дэлхийн олон хэлээр орчууллаа. Дэлхийн зонхилох том хэлнүүд болох англи, герман, франц, хятадаар орчуулж олон хувь

хэвлэлээ. Монгол хэлээр бол Ц.Дамдинсүрэн багшийн орчуулга маш гайхалтай. Түүний өмнө гишгэх орчуулга ховор. Ц.Дамдинсүрэн багшийн орчуулга бол “Монголын нууц товчоо”-г Монголын ард түмэн, айлд өрх бүрт дараалуулан таниулж чадсан гавьяатай гэж олон улсын том хурал дээр эрдэмтэд үнэлж байсан. Тэр нь ч үнэн. Ер нь бол “Монголын нууц товчоо”-г Ц.Дамдинсүрэн багшийн орчуулгаар л манай ард түмэн мэддэг, ойлгодог. Манайхан төдийгүй Ц.Дамдинсүрэн багшийн “Монголын нууц товчоо”-г өрнө, дорнод олон хэлэнд орчуулсан.

Түүгээр ч олон улсад танилцаж байгаа. Ц.Дамдинсүрэн багшийн орчуулга бол чөлөөтэй, уран сайхны шинж чанартай. Зарим үгийг нь найруулж, нэмж хасч оруулсан. Тэгэхдээ тэрхүү түүх бичлэгийн гол санаа, үндсэн ойлголтыг гажуудуулсан зүйл байхгүй. Үүгээрээ Ц.Дамдинсүрэн багшийн билгийн хараа, авьяас, чадвар харагддаг. Сүүлд Н.Багабанди Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын нууц товчоо”-г Төрийн ордонд залах, айл гэр бүрт хүртээх ажлыг тухайн үед БСШУ-ны сайдаар ажиллаж байсан А.Цанжид тэргүүтэй ажлын хэсэг гардаж

хийсэн. Намайг ажлын хэсгийн орчлогчоор томилж ажиллуулсан юм. Айл өрх бүрт хүргэх “Монголын нууц товчоо”-ны эх та бид хоёрын яриад сууж байгаа энэ өрөөнөөс гарсан. Юутай ч бид 7-8 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулж, нэг жилийн дотор “Мөнхийн үсэг” компаниар номыг хэвлүүлж олны хүртээл болгосон. Өврийн дэвтэр хэлбэртэй, түүнээс ч том хэлбэрээр ширэн, модон, гуулин янз бүрийн хавтастайгаар “Монголын нууц товчоо”-гоо хэвлүүлсэн. Олон түмэнд хүргэх, түгээх, таниулахад үр дүнтэй сайхан ажил болсон. Дээр нь

“Монголын нууц товчоо” судлалын талаарх судалгааны номыг манайхан ч гаргасан, Өвөрмонголын залуу судлагч Х.Цогтнаран тэрхүү олон эхийг хаана хаана хэрхэн хэвлэж гаргасныг маш том хэмжээгээр хэвлүүлэн гаргасан. Манайхны хэсэг улс, тухайлбал Д.Заяабаатар, Э.Пүрэвжав нар “Монголын нууц товчоо” судлалын бүтээлийг гадаадад, хэн хэрхэн гаргасныг он дарааллаар нь бүрэн хэмжээний танилцуулга болгож гаргасан. Энэ бүхэн “Монголын нууц товчоо” судлалыг нэг дороос төвөггүй үзчих бололцоотой хөдөлмөр хөнгөвчилсөн

сайхан ажил болсон. -“Монголын нууц товчоо”-г судлаад дуусчихсан, дуусаагүй гэх маргаан мэтгэлцээн гарч байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ? -Судалгаа, шинжилгээний ажил дууссан уу гэвэл дуусаагүй, цэг тавих болоогүй. Ядаж л “Монголын нууц товчоо”-ны бүрэн толь хийх хэрэгтэй байна. Тэр нь зураг, тайлбар бүхий цогц хэмжээний бүтээл байх ёстой. Тухайлбал, Гурван Мэргидийг довтлосны даараагаар Тэмжүүжин “Солонго мэт сонсох,

соргог Хуагчин эхийн сонор хүчээр…үен мэт үзэх хүчээр” гэж хэлсэн байдаг шүү дээ. Газар чагнаад  ирж буй хүмүүсийн морин төвөргөөнийг мэдээд нүүчихэж байна шүү дээ. Тэр агуу их мэдрэмж ээ дээ. Тэгвэл тэр солонго, үен гэж юуг хэлэв. Амьтад шүү дээ тэд чинь. Тэднийг зураг, тайлбартай нь, мэргэч амьтдын ямар их үнэрч, сонор соргог болохыг биологийн шинжлэх ухааны үүднээс тодорхойлон тайлбарлаж, маш нарийн толь бичиг хийх хэрэгтэй.

Ганц тэр үг ч биш, бүх үгэн дээр судалгаатай хандах ёстой. Улс, аймаг, овог, газар, хүний нэр гээд алийг хэлж барах вэ. ҮГ,ӨГҮҮЛБЭР БҮРИЙГ ТАЙЛБАРЛАСАН ТАЙЛБАР ТОЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ -Одоог  хүртэл маргаантай байгаа үгс олон байх шүү? -Тухайлбал, Чингис хааны дээд өвөг дээд язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чино, Хоо марал тэнгис далайг гэтэлж ирэв гэдгээс эхлээд маш олон үг хэллэг бий л дээ. Үүнийг зарим нь “Тэнгис гэж Байгаль далайг хэлж байгаа юм”

гэж байхад нөгөө нь “Зүгээр гол горхийг хэлсэн” гэж байх жишээтэй. Энэ мэтчилэн маргаантай юм их бий. Ийм учраас л ядаж ганц бүрэн хэмжээний дэлгэрэнгүй тайлбар толь гаргах шаардлага байгаа юм. Ер нь тайлбар толь гаргая гэсэн яриа байдаг юм билээ. Ямар түвшинд ярьж байна вэ? -У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа Засгийн газрын түвшинд ийм санал тавилаа гэж дуулдсан шүү. Чингис хааны дүрийг бүтээсэн Ардын жүжигчин А.Энхтайван иймэрхүү зүйл ярьж байсан.

-Тэгэхээр “Монголын нууц товчоо”-ны судлалд цааш явах зүйл их бий гэж та үзэж байна уу? -Ер нь бол “Монголын нууц товчоо” дахь чиглэл бүрээр үг зүйн түвшинд, авиа зүйн түвшинд, өгүүлбэр зүйн түвшинд, утга зүйн түвшинд, гүн ухааны талаас нь, төрт ёсны уламжлалын талаас нь ганц сэдэвт зохиолууд гарч байна л даа. Цаашид ч гарах байх. Үүнд би итгэлтэй байна. Судалгааны ажил гүнзгийрэх тусмаа нарийсдаг. Хамгийн гол нь тэр чиглэл рүүгээ л орох хэрэгтэй байна. -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Эх сурвалж: Зууны мэдээ

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button