МэдээЦаг үе

Л.ОЮУН-ЭРДЭНЭ “…ХӨГЖЛИЙН БАНКИЙГ “ЦЭВЭРЛЭЖ” ЭКСИМ БАНК БОЛГОНО” ГЭЖЭЭ

Хөгжлийн банкийг хэдхэн хүн хувийн компани мэт хэрэглэжээ. Ард түмэн үүнд эгдүүцэж байна. Тус банкнаас 2012-2016 онд олгосон 800 гаруй төсөлд зээл өгсөн. Үүний 98 хувь нь зээлээ бүрэн төлж, 13 төслийн зээл нь чанаргүй ангилалд багтжээ. Харин 2016-2020 оны хооронд 50 төсөлд зээл олгосны 36 чанар муутай зээл гэгдэж байна.

Эдгээр чанаргүй зээлийн цаанаас улстөрчид, улс төрд нөлөө бүхий бизнесмэнүүд, банкны удирдлагууд гарч ирэв. Үүнээс Хөгжлийн банкийг нөгөө л дампууруулсан сангууд шиг ашиглаж ирсэнийг харж болно. Ер нь Хөгжлийн банкийг банк биш, харин том “ЖДҮ” сан гээд ойлгочиход болно. Засаглал, тогтолцоо зэргээс энэ нь тодорхой байгаа юм.

Хөгжлийн банкийг анхлан байгуулсан улстөрчид ч шууд тэгж хэлж байсан удаатай. Нээрэн ч, хэрвээ банк байсан бол юу л гэж Ерөнхий сайд чиглэл өгөөд, банкны хөрөнгийг шууд хөдөлгөж байх билээ дээ. Хөгжлийн банкны Актив, пассивын удирдлагын хорооны 2014 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн эчнээ хурлаар

Хөгжлийн банкны гадаад эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийг төгрөгт хөрвүүлэн, хөрвүүлсэн төгрөгийн чөлөөт үлдэгдлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу зарцуулах шийдвэрийг гаргасан байдаг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

“…Хөгжлийн банкны өөрийн татан төвлөрүүлсэн ам.долларын эх үүсвэрийн үлдэгдлээс 55 сая ам.долларыг 1895 төгрөг гэсэн Монголбанкны ханшаар Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Монголбанкинд своп арилжаагаар

2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр худалдах”-ыг чиглэл болгож эх үүсвэрийн хэлбэрийг өөрчилж “Кью Эс Си” ХХК-д зээлийг олгосон. Уг свопын хэлцлээс Хөгжлийн банкинд 8.1 тэрбум төгрөгийн хохирол, 66.5 сая ам.долларын муу зээл, хүүгийн өр үүсчээ.

Түүнчлэн Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд ажилласан Г.Дөлгөөн өнөөдөр дэвшээд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болчихсон явж байх жишээтэй.

Г.Дөлгөөн тухайн үед зээл олгох үйл явцын гол “дамжлага” дээр ажиллаж байжээ. Сая АТГ руу шилжсэн олон зээл түүнийг ажиллаж байх үед олгогдсон байгаа юм. Гэтэл баасан гаригт болсон хэлэлцүүлэг дээр орж очоод “…Монголбанкны зүгээс банкуудад шалгалт хийхдээ аж ахуйн нэгж, харилцагчийн мэдээллийг чанд хадгалдаг.

Бидний харж байгаагаар Хөгжлийн банк дотоодын санхүүгийн тайлангаа нууцлалын зэрэгтэйгээр гаргаад олон нийтэд танилцуулж байгаа. 2018 оны шалгалтаар өнөөдрийн гарч буй зөрчлүүд ихээр гарч байсан. Тухайн үед зээл, активын харилцаан дээр томоохон санкц тавьж өгсөн.

“Самурай” бондын иенийн санхүүжилт авснаас үүдэн хууль хүчний байгууллага дээр эх үүсвэртэй холбоотой асуудлыг шалгаж байна. 52 зээлдэгчийн зээлийн материал дээр иж бүрэн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 755 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах үүрэг өгсөн.

Дотор нь гурван ангиллыг хийсэн. Ногоон ангиллын хувьд хэвийн байна. Улаан болон бусад бүс рүү орсон зээлдэгч нарыг хууль хүчний байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан” гэж ярьсан байгаа юм. Доог тохуу хийж чадаж байгаа юм шүү.

Уг нь энэ Г.Дөлгөөн ингээд пээдэлзээд сууж байх биш АТГ-т очоод тайлбар өгөөд сууж байх ёстой юм. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банк бол банк биш гэдгийг маш том нотолгоо энэ л дээ. Харин одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд “цэвэрлэгээ” хийж, “Эксим” банк байгуулахаар ажиллаж буй аж.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчлэн өөрчилж, “Эксим” банкны үүргийг хэрэгжүүлэхдээ мэдээж тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Түүнээс гадна импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр анхаарна. Улмаар гадаад худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлнэ.

Тэгсэнээр экспорт, импортын харилцаан дахь мөнгөний урсгалыг дэмжиж, дутагдлыг нөхөх боломжийг бий болгоно. Бас аккредитив, импортын зээл, факторинг, форфейт, гадаад баталгаа, нэхэмжлэлийн хөнгөлөлт зэрэг худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг санал болгоно.

Төслийг цогцоор шийдвэрлэж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран төслийг бойжуулах, олон улсын “Эксим” банкуудтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Мөн экспортын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ гэсэн бодлогыг Сангийн сайд нь мэдээлсэн.

Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс нэлээд анхаарч байх шиг байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцжээ. Ингээд хуралдааны дараа АТГ, хууль хяналтын байгууллагын зүгээс Хөгжлийн банкны зарим зээлдэгчдийн дансыг хязгаарлаж, үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх арга хэмжээг авсан байна.

Түүнчлэн сүүлийн хэд хоногт зээлүүдийн эргэн төлөлт ч огцом нэмэгджээ. Хамгийн сүүлд, өнгөрсөн баасан гаригт л гэхэд “Содмонгол групп” ХХК 4.0 тэрбум орчим төгрөг, “Вояжер минерал” ХХК 3.0 тэрбум гаруй төгрөг, “Макс рөүд” ХХК 17 тэрбум төгрөгийн зээлээ,

нийлээд 24 орчим тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулжээ. Харин олон нийтийн зүгээс Хөгжлийн банкны асуудлыг ЖДҮ-гийн хэрэг шиг бужигнуулж байгаад орхих уу, бүгдийнх нь зээл хуйг нь буцааж төлүүлээд, нэмж хариуцлага тооцох уу гэдгийг анхааралтай ажиглаж байна.

Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн зун, наадмын дараахан авлигатай тэмцэх Засгийн газрын комиссыг байгуулсан. Тэр хурал дээрээ “…Авлига бол бид өөрсөдтэйгөө, намынхаа журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн” гэж мэдэгдсэн.

Үүнээс гадна, Хөгжлийн банкийг 2019 оноос хойш төнхсөн түүний хувьд наадах, цаадах бүх асуудлыг нь мэдэж байгаа. Дээр нь нөгөө зангуу шиг зангаараа Хөгжлийн банкнаас салахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр улс төрийн шоу болгоод орхих нь юу л бол доо. Тийм учраас түүний мэдэлд байдаг АТГ чанаргүй зээлийн эздийг юу юугүй бужигнуулаад эхэлж мэдэх л юм.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button