ЕСӨН ХҮСЭЛ ГЭЖ ЮУ ВЭ: Бид өөрсдөө ч мэдэхгүй нэгнээ юу санасан 9 н хүсэл нь биелэх болтугай гэж ерөөдөг шүүдээ. Энэ талаар онгод хэмээх сайн сүнснүүд юу гэж тайлбарласанг сонсохыг хүсвэл Зөв үү тав уу подкастыг сонсоорой.
1. Хамгийн эхний хүсэл ЭРҮҮЛ ЭНХИЙН ХҮСЭЛ байдаг гэнэ. Эхийн хэвлийд ураг бүрэлдэж эхлэхэд л энэ хүсэл эсэнд нь шингэдэг гэдэг. Эх “үр минь эрүүл төрөөсэй” гэж хүснэ. Ураг ч эд эсээрээ эрүүлийг хүсдэг гэдэг. Энэ хүсэл ураг болон бүрэлдэхээс эхлээд үхэх хүртэл үргэлжлэх хүсэл. Өвдөхгүй л бол эрүүл энхийн хүслийг ухамсарлахгуй байх нь олон. Харин өвчтэй хүн эрүүл болохын төлөө бүхнээ өгөхийг хүсэх тийм үнэтэй хүсэл.
2. ЭДИЙН ХҮСЭЛ. Эхийн хэвлийгээс төрөөд л эд эдлэх хэрэгцээтэй тулгарна. Мөн л үхэн үхтэл үргэлжлэх хүсэл. Гэдэс цатгалан, мөр бүтэн явахыг, орох оронтой, унах унаатай байхыг хүсэх нь энэ хүсэл. Гэхдээ л өвчтэй бол орон байр, унах унаа, тансаг хоол, үнэтэй хувцас байгаад ч яалаа. Тэгэхээр эрүүл энхийн хүсэл дүүрч байж энэ хүсэл дүүрнэ. Үгүй бол эдтэй байгаад түүндээ ханаж баясах нь үгүй. Эрүүл энхийн хүсэл дээр эдийн хүсэл суурилна.
3. ТАНИН МЭДЭХҮЙН ХҮСЭЛ. Яагаад, яагаад гэж шулганан асуух тэр л үеэс танин мэдэхүйн хүсэл тархинд ассан байна. Яагаад хоол идэх ёстой, яагаад дулаан хувцаслах ёстой, яагаад юм сурах ёстой юм, яавал эрүүл байх вэ, эдийг яаж бүтээх вэ гээд л өөрийн хүслээ өөрөө хангахад суралцана. Хорвоо ертөнц ямар юм, юу зөв, юу буруу гэж учир шалтгаанд суралцаж, ирээдүйдээ тэмүүлэх хүсэл эндээс эхтэй. Танин мэдэхүйд тэмүүлэхгүй, хүсэл үгүй бол ирээдүйн төсөөлөлгүй, төлөвлөгөөгүй, идэх уухаас хэтрэхгүй амьтан төдий л байна гэсэн үг. Эрүүл энхийн хүсэл, эдийн хүсэл дээр энэ хүсэл суурилна. Энэ 2 хүслээ хэнээс ч хамааралгүй дүүргэдэг болохын тулд танин мэдэх шаардлага тулгарна.
Энэ 3 хүсэл ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛ юм. Арал дээр ганцаар орхигдсон ч энэ хүслээ хүн ганцаараа, өөрийн чадлаар гүйцэлдүүлж чадна. Өөрөө хүсэхгүй, хичээхгүй л бол бусад хумуус 1000 хүсээд тэр хүний өмнөөс нь өвдөхгүй байж, өлсөхгүй даарахгүй байж, эрдэм сурч барахгүй, чадахгүй, бутэхгүй. Тиймээс энэ бол ганц чиний л чадах асуудал гэдгийг нь сайтар ойлгох, ойлгуулах хэрэгтэй. Энэ хүслийг биелүүлэхийг өөр хүнээс нэхэх нь утгагүй зүйл, арчаагүйн шинж. Эдгээр хүслээ дүүргэж дийлсэн хүнийг БИЕЭ ЗАССАН гэнэ.
4. ХАМТРАХЫН ХҮСЭЛ. Эхний 3 хүслээс улбаатай. Хамтарч хийж бүтээх, сурсан мэдсэнээ хуваалцах, чадахгүйгээ дэмнүүлэх, сэтгэл санаагаа хуваалцах анд нөхдийн хэрэгцээ үхэн үхтэл үргэлжилнэ. Эхний 3 хүслээ дүүргээгүй хүнд энэ хүсэл биелэх нь юу л бол. Эдгээр хүслээ дүүргээгуй хүн үргэлж өвчин зовлон ярьж, бусдаас хоол унд нэхэж, тусламж хүсэж, дээрээс нь мэдэх чадах юм юу ч үгүй байх тул тэгсгээд л холддог нь үнэн. Дэм дэмэндээ гэж, бусдыг дэмнэх чадалтай байж байж л анд найзтай болно. Хүссэн хүсээгуй өөрт дутууг нөхөх, чадахгүйг дэмнэх хүнтэй л ойртож нөхөрлөдгөөс байнга л өөрөөс нь авч байдаг, огт өгдөггүй хүнтэй найзалдаггүй нь үнэн. Багаас нь хамтруулж сургадгаас өрсөлдүүлж сургадаггүй байсан нь энэ хүсэл дүүрэхийн эхлэл юм.
5. ХАНИЙН ХҮСЭЛ. Хамтрахын хүслээс урган гарна. Олон сайхан найз нөхдөөсөө онцолж нэгтэй нь л амьдралыг хамтдаа туулах хүсэл юм. Хамтарч сураагүй хүн хань болж чадахгүй. Авахаасаа илүүг өгөх шаардлага ханийн хүслээ дүүргэхэд чухал. Аваа, өгөөг тэнцүүлж явдаг андын нөхөрлөлтэй адилгүй нь энэ. Нэг нь өгөөд л нөгөө нь аваад л байдаг бол айл болж чадахгүй, нэг нь давраад л нөгөө нь уучлаад л явдаг бол амьдрал утгагүй. Хоёр талаасаа адилхан өгч, үүндээ хариу нэхэхгүйгээр сэтгэл хангалуун байх нь гол нууц нь. Мэдээж өвчин тусч нэгнээ зовоох нь, идэх уухаа бэлдчих чадалгүй нь, эхнэр нөхөр, эжий аав байхад яахаа мэдэхгүй нь аз жаргалтай амьдралын саад болдог.
6. ҮРИЙН ХҮСЭЛ. Ханийн хүсэл биелж байж үрийн хүсэл биелнэ. Хань хүсээгуй хүн үр хүсэхгүй. Сууя, гэрлэе гээгүй бол юу юугүй хүүхэдтэй болохоо болих хэрэгтэй. Тэгчихээд хөөрхий нялх үрийг “хүсээгүй хүүхэд” гэж цоллоод үрийн заяаг гомдоож, хүний тавиланг доройтуулах ямар хэрэг байна? Хэдий хүсээгүй ч эхийн сэтгэл зөөлөрдөг бол эрийн сэтгэл зөөлөрдөггүй. Учир нь тэр хүсээгүй. Үрийн хүсэл гэдэг нь зөвхөн хүн төрүүлэх төдий биш, үрээ хайрлаж халамжилж, сургаж хүмүүжүүлж, бусдад дэмтэй тустай, төрдөө хэмтэй түшигтэй хүнийг бий болгох хүсэл юм. Хүнээр хүн хийж чадсан хүн, хүүхдээ хүмүүжүүлж чадсан хүнд л дараа дараагийн хүсэл биелдэг. Араас уншимз.
Эдгээр 3 хүсэл нь ХАМТЫН ХҮСЭЛ юм. Ганц хүн хүсээд л бүтэхгүй, заавал хамтдаа хүсэх нэгэн байж байж л энэ хүсэл биелнэ. Нэг хүнтэй найзлахыг хүсэвч нөгөөх нь хүсэхгүй бол бүтэхгүй, нэг хүнийг хайрлавч нөгөөх нь хайрлахгүй бол бүтэхгүй, үртэй болохыг хүсэвч хань үгүй бол бүтэхгүй, тийм л хүсэл. Үрийн хүслийн тухайд нэг нь хүсээгүй ч хүүхэдтэй болоод байдаг ч хамтдаа өсгөж, хайрлаж энэрэхгүй байхаар үрийн хүсэл яаж дүүрэх билээ. Ээж ааваасаа хөтлөхийг хүссэн хичнээн үрийн хүсэл дүүрээгуй бол? Эндээс л гэр бүл бүрийн, хамт олон бүрийн, ний олны нийхэм хамтын сайн сайхан бий болдог.
Эдгээр хүслээ дүүргэж барахгүй бол нийгэм даяараа асуудал, зовлонтой байх нь үнэн. Хэдий эрүүл саруул, өмсөх зүүхээр дутахгүй, эрдэм номд нэвтэрсэн ч анд нөхөдгүй, хань ижилгүй, үр хүүхэдгүй, өөрөөр хэлбэл санаа тавих хэн ч үгүй хувиа л хичээсэн хүмүүсээр дүүрэн бол нийгэм ямар байхыг төсөөлөөд үзнэ биз.
Өөрийн болоод өрөөл нэгний эдгээр 3 хүслийг дүүргэж дийлсэн хүнийг ГЭРЭЭ ЗАССАН гэнэ.
7. ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ. Юу чадна, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдөх, юу бүтээсэн, түүндээ эзэн болох хүсэл. Энэ биедээ эзэн болохыг хүснэ, суу гэсэн газар сууж, яв гэсэн газар явахыг үл хүснэ. Эд хөрөнгөдөө эзэн байхыг, сурсан мэдсэндээ эзэн байхыг, хийсэн бүтээсэндээ эзэн байхыг, амласан амлалтандаа, өргөсөн тангарагтаа, өрх гэртээ эзэн байхыг хүснэ. Эзэн эрхийн хүслийг дүүргэхэд ХАРИУЦЛАГА чухал. Энэ биеэ хариуцаж чадахгүй бол бусдын үгээр явахаас яахав. Эд хөрөнгөө хариуцаж чадахгүй бол бусдын идэш болохоос яахав.
Сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ хариуцаж түгээж байж эзэн эрхээ эдлэхээс хаяж гээгээд явбал булаах хүн гарч ирнэ. Андын харилцаандаа хариуцлага үгүй бол найз минь гэж дуудах эрх үгүй. Амраг ханиа хариуцаж чадахгүй бол алдахаас яахав. Үр хүүхдээ хариуцаж чадахгүй бол эжий аав гэгдэх эрхгүй гэхчилэн. Хариуцаж чадаж байж эзэн эрхийн хүслээ дүүргэнэ. Эзэн байна гэдэг өмчлөхийн нэр биш, харин хариуцаж, хамгаалж, оршоож чадаж байж л эзэн гэгдэнэ. 6 хүслээ дүүргэж бараагүй, хариуцаж оршоогоогүй хэнд ч эзэн эрх олгогдохгүй нь үнэн. Хэн хүлээн зөвшөөрч, хэн үнэлэх билээ.
8. ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн хань, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон хэн ч бусдыг бас ийм л болоосой гэж хүсэх хүсэл. Нийтээрээ биеэ засаад гэрээ засчихвал атаархал хорсол, хулгай дээрэм, аллага хүчирхийлэл гарахгүй ЭНХ АМГАЛАН ноёлно. Энх амгаланг хуссэн хүмүүс нь өөрийн нутгаас дайжиж өөр сайхан газар очлоо гэхэд эзэн эрхийн хүсэл дундарна.
Гадны хүн гэж үргэлж сортлогдож үнэлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нь сэтгэлийн амар амгаланг үгүй болгоно. Тиймээс л эзэн эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн тэр л газартаа энх амгаланг цогцлоохыг хүснэ. Энх амгалан үгүй бол бүтээсэн бүхэн, өөрөө ч хормын төдийд үгүй болох магадлал өндөр. Дашрамд хэлэхэд, биеийн зовлонгүй амьдралыг амар амьдрал, сэтгэлийн зовлонгүй амьдралыг амгалан амьдрал гэдэг байж. Монголчууд биеийн амраас илүү сэтгэлийн амгаланг хүсдэг байсан гэдэг.
9. МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн ханьтай, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон, энх амгалан амьдралыг үрээс үрд мөнх үргэлжлүүлэх хүсэл юм. Энэ бол Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, үзэл санааны үндэс юм. Амьдрал мөнх орших боломжтой гэж үзэж, мөнх оршоохын тулд яах ёстойгоо томъёолсон нь Тэнгэр үзэл юм. Чингис хаан Чанчун бумбыг залаад мөнхийн амьдралын тухай асуусан гэдэг. Өнөөх нь “мөнх амьдрал гэж үгүй” гэж хариулахад их бэлэг сэлт өгөөд буцаасан гэдэг.
Мөнх амьдрахыг хүссэн тэнэгдүү хааныг эрдэм ухаанаараа дийлсэн мэргэн бумбын тухай домог байх. Мохос миний таамгаар, “би үхээд л амьдрал дуусна” гэх утгат хариулт нь “дэргэдээ шадарлуулах хүн биш аж” гэж бодуулсан ч юм бил үү? Амьдралын мөн чанарыг олж чадсан бол дэргэдээ үлдээч л гэх байсан байх. Нэг бодьгалын үхэх төрөх нь амьдралын нэгхэн хэсэг, амьдралын жам болохоос амьдрал бүхлээрээ биш юм. Амьдрал яг цаг хугацаа шиг төгсгөлтэй эсэх нь үл мэдэгдэнэ. 1 цаг эхлээд 60 минут яваад дуусахад цаг зогсдоггүй шиг 1 хүн төрөөд 60 жил наслаад одоход амьдрал зогсолгүй үргэлжилдэг нь үнэн.
Өөрийгөө бодвол амьдрал 1 л өдөр дуусна, харин бүхнийг бодвол амьдрал хэзээ дуусах нь үл мэдэгдэнэ. Эндээс хүссэн хүсээгүй амьдрал мөнхөд үргэлжилнэ, тэнд өөрсдийнх нь үр удам амьдарч байх тул мөнхөд түвшин сайхан байгаасаа гэж хүснэ. Энэ 3 хүсэл төртэй байж биелэх ТӨРИЙН ХҮСЭЛ юм. Иргэд нь эзэн эрхтэй, энх амгалан амьдралтай, энэ нь мөнхөд үргэлжлэх эсэх нь төрийн бодлогоос хамаарна. Төр үгүй бол энэ хүсэл биелэхгүй. Эзэн эрхийг төр л баталгаажуулдаг.
Энэ миний байшин гээд нэг хүн ирэхэд “үгүй шүү, эзэн нь би шүү” гээд төрийн гэрчилсэн гэрчилгээг үзүүлсэн нь л эзэн нь болно. Оюуны өмчөө батлуулж, шинэ нээлтээ бүртгүүлж, эхнэр нөхрөө, үр хүүхдээ ч батлуулна, гэрчлүүлнэ. Эзэн эрхийг төр батлахад шударга ёс яригдана.
Энх амгаланг төр тогтоодог. Зөвийг тэтгэн түгээж, бурууг цаазлан хорьж байж энх амгалан тогтоно. Зөв бурууг төр тогтоосон цагт нийтийн зөрчил үгүй болдог. Төр түүнийг тогтоогоогүй цагт хүн бүрийн зөв буруу зөрчилдөж, энх амгалан үгүй болдог. Төр өөрөө хүнийг бодвол мөнх орших чадамжтай тул мөнх оршихуйг төр л хариуцдаг. Тиймээс л хүн ард төрөө дээдлэн, төрөө мөнхөд оршоон байж сүүлийн 3 хүслийг дүүргэхийг эрмэлздэг.
Хүн бүрийн эдгээр 3 хүслийг хангаж чадсан хүнийг ТӨРӨӨ ЗАССАН гэж үзнэ. Хамгийн эхний хүсэл төрөхөөс өмнө эхэлсэн бол хамгийн сүүлийн хүсэл үхсэний дараа ч үргэлжилнэ. Эцэг өвгүд минь эдгээр хүслийн зүй тогтлыг таниж мэдэн, олж авснаа хойч үедээ үргэлж сануулах гэж цацлын 9 нүдээр билэгдэн, юу санасан 9 цагаан хүсэл нь дүүрэн байх болтухай гэж ерөөл өргөн үлдээжээ. Энэ хүртэл уншсан бүх хүмүүст баярлалаа. Та бүхний ЮУ САНАСАН 9 ЦАГААН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ