Тренд

“ДАРЖАА БААТАР”-ТАЙ ХАМТ УНАХ ШАХСАН НЬ…

1977 оны хавар бараг өдийд байх. Нэг “сонирхолтой” захиа нийслэл хотоор тарлаа. Тэр нь ийм учиртай. Чехсловакын нэг зохиолчын нэр зүүсэн “Аз Жаргалын захиа” гээчийг хэд ч билээ хувилж бичээд хамгийн дотны хүмүүсдээ шуудангаар явуулна. Тэр нь цаашаа хувилж дамжаад тэр хирээрээ мөнгөтөй болно! Одоогийнхоор бол сүлжээний бизнэсэрхүү юм уу даа.

Тэр үед би “Монголкино” үйлдвэрт Диафилмийн зураачаар ажиллаж байв. Тасгийн дарга маань Ардын Уран зохиолч Тангадын Галсан гуай. Манай өрөө орчуулгын киноны тасагтай яг зэргэлдээ. Тэр өрөөнд нөгөө алдарт Дүвчин заарин (АЖ Чимэд-Осор гуай) тэргүүлээд Даржаа баатар (ГЖ Осор гуай) дараалаад Молом занги (АЖ Дамчаа гуай), Ягаан Гажид (ГЖ Цэнд-Аюуш гуай), Аман хуурын Дарь авгай (ГЖ Бадамгарав гуай), Хүргэн хүү (Довдон гуай), Аман хуурч (Элбэгсайхан гуай), жолооч Самдан (ГЖ Дамдинбазар гуай), залуу жүжигчин Цэцгээ,Цэмпилмаа нар орон тооны жүжигчид байсан санагдана. Түүнээс гадна нөгөө алдарт Итгэлт баян,Ардын Элч Дарьбазар, Жанжин Сүхбаатар, Богд Хаан, Сайн эр Балт, Хатанбаатар Ван, Догшин Хар, бас манай хүргэн телевизийн нэвтрүүлэгч Доржбат ах… өөр хэн хэн ч билээ, өнөө олон алдартнууд чинь өөрийнхөө дүрд эсхүл орчуулгын кинонд дуу оруулахаар дуудагдаад ирчихсэн түүгээр л нэг холхиостой.

Нэг өглөө “Даржаа Баатар” (Гавьяат жүжигчин Осор гуай) манай өрөөнд шуугин орж ирлээ. За дүү хүү, нэг ийм сонин юм болоод байна цаана чинь, чи дуулсан л байлгүй залуу хүн. Нэг сайхан зарлал бичээдэх хөө, гэдэг юм. Сониучирахаад бичээд л хаясан. Бас болоогүй том ватум цаасан дээр гоё солонгорсон фоно будаж байгаад. Дээр нь цагаан өнгөөр цөмийн гинжин урвал санагдуулам аятай хэлхэлдсэн юм зурчихлаа, Гинжин урвал маягаар мөнгө нь өсөж үржинэ гэж билэгдэж байгаа ухаантай,хэ,хэ. Солонгорсон өнгөтөй, хүүхний нүд, уруул цухуйлгачихсан гоё плакат зурчихлаа. У.Осор гуай үзээд их таашааж байноо. Кино үйлдвэр хуучин байрандаа байсан цаг. Ингээд хоёулаа доошоо бууж гол хаалганы үүдэнд байх зарлалын самбар дээр хадчихлаа. Тэнд ажилчдын гуанз байх тул хөл тасрана гэж үгүй. Үдийн цайны цаг ч болж байсныг хэлэх үү! Тэр дороо л кино үйлдвэрээр нэг зар тарна биз дээ. Орой нь ажил тарахдаа Төв шуудангийн гол заалаар сонирхоод орсон чинь нээрээ пиг хүн! Оочирлоод зогсочихсон! Бүгдээрээ мөнгөтөй болох нь байна ш дээ! Сүүлд сонсохнээ захидлын марк дугтуй дутсан ч гэл үү,дууссан ч гэл үү нэг юм сонсогдсон.

Маргааш нь ажил дээр ирсэн бөөн асуудал үүсчихсэн шуугилдаж байлаа !
Удалгүй Намын хорооны дарга бид хоёрыг дуудаж байна гэхээр нь хоёулаа хэлхэлдээд орлоо доо. Намын дарга Лхагва гэж дөч гаруй насны эмэгтэй байсан. Дарга ч бууж гарлаа.

Хөрөнгөтний үзэл суртал түгээсэн онц ноцтой улс төрийн хэрэг юм байх! Пал гээд л явчихсан. Нөгөө гайны чех зохиолч нь коммунизмын эсрэг үзэлтэн, хувьсгалын эсэргүүн байж! Америкт цагаачлаад гарчихсан. Тэр этгээд эсэргүүн захиа бичиж ах дүү чехословакийн ард түмнийг нам засгийнхаа эсрэг, коммунизмын эсрэг, Зөвлөлтийн эсрэг тэмцэхийг уриалсан гэнэ! Тэрнийг нь бид хоёр, намын үзэл суртлын дайчин байлдагчид болсон Монгол киноны уран бүтээгчдэд түгээн дэлгэрүүлж, өдөөн хатгасан болж таарлаа. Ёстой баларсан юм боллоо. Улс төрийн ноцтой хэрэгт холбогдох нь гарцаагүй болж! Тэр үед улс төрийн хэрэгт унавал тэгээд л амьдрал нь сүйрч байгаа нь тэр! Тоглоомгүй шүү! Намын дарга бараг үнэн хэлсэн байна лээ. Сүүлд тодорхой болсноор бол энэ нь коммунизмын эсрэг үзэлтэй Вацлав Хавэл тэргүүтэй чехсловакийн хэсэг эрдэмтэд, улс төрчид, дипломатууд, зураачид, зохиолч яруу найрагчид, жүжигчид, найруулагчид зэрэг улс төр, нийгэм, урлаг соёлын зүтгэлтнүүд хамтран “Харти77” гэдэг тунхаг бичиг гаргаж чехословакийн ард түмнийг нам засгийнхаа эсрэг, Зөвлөлтийн эсрэг тэмцэхийг уриалсан юм байна лээ. Бөөн бариа тавиа болж олон хүнийг түүний дотор дээрхи Вацлав Хавэл нарыг шоронд хийжээ. Дэлхий даяар үймээн шуугиан болж байхад манайд таг чиг. Тэр үед мэдээлэл хаалттай байсан юм шүү дээ! Тийм аймаар юм болж байгааг бид яаж мэдэхэв дээ. Зүгээр л мөнгөтөй болохыг мөрөөдсөн гарууд гоё плакат зураад наагаад хаясан биш улс төрийн хэрэгтэн болох болзолоо хангачихаж байгаа нь тэр! Угаасаа цаад аймаар шалтгааныг нь ярьдаггүй юм гэхэд “мөнгөний шуналд уриалсан хөрөнгөтний үзэл” сурталчихсан нь өөрөө улс төрийн хэрэг юм.

Хангалуун баян амьдрах нь гэмт хэрэг байсан, бидний залуу сайхан нас өнгөрсөн тэр нийгэмд! Та нар маш азтай хүмүүс шүү,хүүхэд залуучууд аа! Үнэн тэнэг үзэл сурталжсан хаалттай нийгмийг үзээгүй!

“Харти77” гэдэг улс төрийн тунхаг бичгийн дүйвээнийг чех, польшийн ч юм уу, нэг зальтан нь сүлжээний бизнэс-захиа болгоод хувиргачихсан юм шиг байна лээ. Түүнийг нь мань мэтийн коммунист ухамсар төлөвшөөгүй хэн нэг этгээд Монголд нууцаар “оруулаад” ирчихсэн юм байна л даа. Дуучин орос хэмээх Төмөр, польш Намжил нар магадгүй гэж би таамаглаад байгаа! Осор гуай Төмөр нар замын урд хойно хөрш байр. Урлагийхан биенээ танина даа.

Хөрөнгөтний буюу капиталист нийгмийг магтан сайшаах аливаа хэлбэр нь социализм байгуулж буй монголын ард түмнийг зоригжуулан зохион байгуулагч МАХН болон улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг гутаан доромжилж буй улс төрийн онц ноцтой гэмт хэрэг гэсэн утга бүхий хуультай гэдгийг бидэнд сануулсан байж таарна! Яг үгчлэн санахгүй ч нэг тиймэрхүү л үг хэлсэн. Угаасаа ингэж хэлэх ёстой, намын дарга тийм үүрэгтэй. Түүнийгээ л биелүүлсэн хэрэг. Үнэхээр 1961 оны Эрүүгийн Хуульд 49-р зүйлд тийм заалт байсан! Түүгээр яруу найрагч Р.Чойномыг шоронд хийгээд удаагүй байсан цаг! Гэхдээ намын дарга эмэгтэй намайг биш хөөрхий муу Осор гуайг зад авч өгсөн. Ахмад коммунист, удирдах ажилтан (Осор гуай Орчуулгын группын дарга байсан) нэр төртөй жүжигчин хүн байж ийм ухамсаргүй юм хийлээ гээд!

Бид хоёр толгой гудайсаар намын даргын өрөөнөөс гарлаа. Хэд хоног юу болох бол гэхээс айдас хүрэн бэмбэгнэж байлаа гэж. “Даржаа Баатар” бас надаас хэцүү байсан байх. Хэрэв асуудал муу тийшээ эргэвэл хөөрхий Осор гуайг арай ч шоронд хийчихдэггүй юм гэхэд ямар ч байсан том авахуулна. Намайг бол яахав, залуу хүн учрыг сайн ойлгоогүй уруу татагдсан гэж хөнгөн үзэх байсан болов уу! Гэхдээ л зүгээр өнгөрнө гэж номонд хазгай!

Сэтгэл дэнслүүлсэн түгшүүртэй хоногууд өнгөрсөөр… Гайхалтай нь тэр эвгүй асуудал тэгсгээд чимээгүй болсон. Яасныг бүү мэд. Залуу байсан болохоор нөгөө мартамхай үнэгний үлгэрээр хэнэггүйтээд сонирхоо ч үгүй өнгөрсөн байдаг юм даа. У.Осор гуайг тэглээ ингэлээ л гэж юм сонсогдоогүй! Эвгүй сэнтэг хүн таараад мушгичих юм бол мань хоёр “будаа” болох байсан. Намын дарга Лхагва гуай тийм хүн байгаагүй нь бидний аз!

Хожим Чех Улсын ерөнхийлөгч болсон зохиолч Вацлав Хавэл нарын гаргасан “Харти 77” (Charter77) гэдэг энэ тунхаг бичиг нь хүн төрөлхтний түүхэнд хар мөр үлдээсэн коммунист хийрхүү идеалогыг бут ниргэж 1980 оны Польшийн,1985 оны Зөвлөлтийн,1989 оны Зүүн Европ болон Монголын ардчилсан хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхэн баримт бичиг хэмээн соёлт ертөнц үнэлдэг юм байна!

Яагаад тэр үеийн залуус, өнөөгийн өвөө эмээ бид нар 1990 оны Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсныг, бид нар яагаад “ардчилал” гээчийг хамгаалаад одоо ч орилж чарлаад байдгийг ойлгов уу, залуучууд аа? Та нарыг хэнэггүйтэж, сонгуулийг үл тоомсорлож байгаад бидний амьдарч байсан тэр “шал тэнэг” нийгэм рүү орчих вий гээд л хамгаалж орилоод байгаа юм ш дээ! Та нар дарангуйлагч нийгэм ямар хэцүү байдгыг мэдэхгүй болохоор сайн ойлгохгүй байх шиг байдаг. Цаг зав гаргаад өнөөгийн Хойд Солонгосын тухай сонирхчихоорой! Нилээн сайн ойлголт төрөх байх!

Зураач Тодын Отгонбаяр, Лондон хот. 2022.02.08-16

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button