ЗөвөлгөөЭрүүл мэнд

Г.МАШБАТ:ТӨМӨР ИХСЭЛТ НЬ ЭЛЭГ ХАТУУРАХ, ТОМРОХ, XAВДAP ҮҮСЭХ ЭPCДЭЛTЭЙ ЮМ

Цусанд төмөр дутагдлаа гэж түгээмэл сонсож байсан байх. Тэгвэл үүний нөгөө туйл болох сүүлийн үед газар аваад буй төмөр ихсэлт гэх өвчний талаар Ачуут гол эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор Г.Машбаттай ярилцлаа.

-Төмөр ихсэлт яаж үүсдэг өвчин юм бол?

-Цусанд агуулагдаж буй олон төрлийн эрдэс, элементүүдийн нэг бол төмөр. Цус нь дахь төмрийн хэвийн хэмжээ ихсэх эсвэл буурвал эмгэг болдог. Судалгаагаар төмөр ихсэх эмгэг нь махан хоол, малын мах иддэг хүмүүст түгээмэл илэрч байна. Энэхүү эмгэгийг Европын анагаах ухаанд бүрэн эмчлэх арга нь тодорхой болоогүй байгаа.

Хоол хүнсээр авч буй төмрийн хэмжээ гэдэсний ханаар шимэгдэх зохицуулга алдагдсанаас болж хүний биеийн төмрийн хэмжээ эрс ихэсдэг. Төмрийн хуримтлал нь хамгийн түрүүнд элэг, нойр булчирхай, арьсанд илүү их хуримтлагддаг. Төмөр ихэссэн тохиолдолд хүний биед царай борлох, харлах, элдэв толбо, мэнгэ гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Мөн элгэнд их хэмжээний төмрийн ион агуулагдсанаар элэгний хатуурал эрчимтэйгээр явагддаг. Хүний бие нь дэх төмрийн нөөц 15-20 грамм байдаг. Үүнээс дээшилсэн ч илрэхгүй хуримтлагдах тохиолдол бий. Эрэгтэй хүнд эмэгтэйчүүдээс илүүтэй төмөр ихсэх эмгэг түгээмэл тохиолддог. Энэ нь хүйсний ялгаанаас хамааралтай.

-Сүүлийн жилүүдэд манай улсад энэ төрлийн эмгэг их гарч байна гэсэн. Ер нь энэ төрлийн эмгэгийг хэдэн оноос хойш оношилж, эмчилж эхэлсэн бэ?

-Цусны төмөр ихсэлтийг оношлох ганц арга нь лабораторийн арга. Цуснаас шинжилгээ авч цус нь дахь сийвэнгийн ферритиний хэмжээг тодорхойлдог. Мөн элэгнээс эд авч шинжилж болно. Хүний биеийн төмрийн хэмжээг 12 сар хүртэлх хүүхдэд 7,16-17,90 мкмоль/л, 12 сараас-14 нас хүртэл 8,95-21,48 мкмоль/л 14 наснаас дээш эмэгтэйчүүдэд 8,95-30,43 мкмоль/л 14 наснаас дээр эрэгтэйчүүдэд 11,64-30,43 байдаг гэж үздэг.

Тиймээс Европын анагаах ухаанд 50 микрограм литрээс доош байлгахын тулд эмчигээг хийдэг. Ингэхдээ хагас литр хүртэлх цусыг тариураар авч асгах гэх ганц төрлийн эмчилгээ бий. Харин уламжлалт анагаах ухааны хануур эмчилгээг хийдэг. Энэ нь европын анагаах ухааны эмчилгээнээс илүү үр дүнтэй байгаа нь судалгааргаар батлагдаад буй. Харамсалтай нь, энэ нь судалгааны шатанд байгаа тул Монгол Улсад эцсийн байдлаар стандарт тогтоогүй байна.

Төмөр ихсэлтийн үед элэгний үйл ажиллагаа алдагдана, элэг томроно, элэгний архаг үрэвсэл үүснэ. Мөн хүндэрсэн тохиолдолд элэгний 20-30 хувьд элэгний хорт хавдрын суурийг бий болгодог. Үүнээс гадна чихрийн шижин өвчин хавсарсан тохиолдолд нүдний хараа муудах, нүдний торлог гэмтэх, бөөр гэмтэх, захын болон төв мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаж судасны хүндрэлүүд үүсэх, бэлгийн сулралтай болох, бамбай булчирхайн дутагдал үүсэх, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдах гэх зэрэг олон өвчний суурь болдог.

Европ эмчилгээнээс гадна уламжлалт цөс угаах арга нь элэг өөхлөх, өөх тос ихсэх, өтгөн хатах, таргалалт,цус нь дахь төмөр ихсэх гэх олог эмгэгээс сэргийлэх чухал ач холбогдолтой. Харамсалтай нь, үүнийг иргэд мэдэхгүйгээс болж өвдсөн тохиолдолд эмийн сангаас эм авч хэрэглэж байна. Хүн бүр өөрийн гэсэн сардаа, улиралдаа, жилдээ цөс угаах өдөртэй болвол алсдаа монгол хүний насжилт уртсах боломж өндөр. Тиймээс би 2001, 2002 онд төрийн өндөрлөгүүдэд цөс угаах өдөртэй болгож өгөөч хэмээн санал гаргаж байсан удаатай.

-Манай улсад хэдээс хэдэн насныхан илүү өвчилж байна вэ?

-Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин илүү өвчилдөг. Мөн төмөр ихсэлтээр бага насныхан төдийлөн өвддөггүй. Харин нас биед гүйцсэн 25-50 насны элэгний вирустэй, согтууруулах ундаа, махан хоолыг тогтмол зохисгүй хэрэглэдэг хүмүүс өвчилж байна.

-Эрэгтэйчүүдийн дунд түгээмэл байна гэсэн тэгвэл эмэгтэйчүүдийн дунд бага байгаа шалтгаан нь бие физиологийн онцлогоос болж байна уу?

-Хүйсээс хамааралтай байгаа шалтгаан нь эрэгтэй хүний цусны систем нь хаалттай байдагтай холбоотой. Харин эмэгтэй хүний цус байнга шинэчлэгдэж байдаг. Жишээлбэл, сарын тэмдэг ирэх, хүүхэд төрүүлэх гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж эмэгтэйчүүд өвчлөх нь бага. Монголын уламжлалт анагаах ухаанд эрэгтэй хүний цусыг тогтоол нууртай, эмэгтэй хүний цусыг урсгал устай зүйрлэдэг. Эрэгтэй хүний цус хаалттай байдагтай холбоотой цус амархан бохирдож, өтгөрч, төмөр ихсэх нь элбэг.

-Хоол хүнсээ зохицуулан эмчилж болох уу?

-Мэдээж хоол хүнсээ зохицуулан эмчилж болно. Ганц энэхүү өвчнөөс гадна өөр олон төрлийн өвчнөөс урдчилан сэргийлэх боломжтой. Судалгаа шинжилгээ хийж байх явцад ажиглагдаж буй нэг зүйл бол монголчуудын дунд сүүлийн 20-30 жилийн хугацаанд бодисын солилцооны эмгэг ихэссэн нь харагдаж байна. Энэ эмгэг нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ, амьдралын буруу хэв маягаас үүсдэг. Гэтэл цусан дахь төмөр ихсэлт нь бодисын солилцооны эмгэгийн төрөлд багтдаг байна.

Үүнээс сэргийлэхийн тулд уламжлалт улирлын шинж чанарай хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Монголчууд гэлтгүй дэлхий дахин даяаршсан хоол хүнсийг хэрэглэж байна. Энэ нь төмөр ихсэх, чихрийн шижинтэй болох, цусан дахь өөс тос нэмэгдэх зэрэг олон эмгэгийн гол шалтгаан юм. Зуун жилийн өмнөх монголчуудын хэрэглэдэг хоол хүнс эрс өөрчлөгдсөн. Цус багадалттай гэх нэрийтлээр улаан вино, улаан лооль, нэмэлт төмрийн бэлдмэлийг өөрийн дураар хэрэглэх нь буруу.

Хүн бүхэнд сайн гэх нь өрөөсгөл. Хэрэв хэрэглэх гэж байвал цусны шинжилгээ өгч цусан дахь сийвэнд байх төмрийн хэмжээг тодорхойлуулах нь зүйтэй. Эрүүл мэндийн мэдлэг, боловсролоо дээшлүүлж байж хувь хүн өөрийнхөө юу хэрэглэх үгүйгээ шийддэг байгаасай. Мөн монголчуудын идээ ундааны соёлыг дэлгэрүүлэх нь монгол хүний насжилтыг ихэсгэхэд түлхэц болно.

Зуны улиралд аль болох махнаас татгалзах хэрэгтэй. Зуны цагт цагаан идээ, намрын улиралд ногоон идээ буюу жимс, жимсгэн, өвлийн улиралд улаан идээ буюу мах, хаврын улиралд шар идээ буюу шар тос, шимтэй зөөлөн зүйлсийг ид гэх монгол эмнэлгийн алтан зарчим бий. Энэхүү зарчмыг монгол хүн бүхэн дагаж мөрдвөл зүйтэй.

 -Төмөр ихсэлтийн үеийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хаана хандаж, ямар арга хэмжээ авсан нь зүйтэй вэ?

-Хэрэв хараа муудах, нүүр харлаж, борлох, элэг томрох, амархан ядрах, бэлгийн үйл ажиллагаа сулрах, элдэв толбо, мэнгэ гарч байвал яаралтай дотрын нарийн мэргэжлийн эмчид хандаж лаборатын шинжилгээ өгч, элэг, цөсний үйл ажиллагаа, цусны бүлэгнэлт тодорхойлох, биохими, цусны ферритиний хэмжээг тодорхойлуулах шинжилгээ өгөх нь зөв. Эх сурвалж: Ай Тойм.МН

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button