МэдээЦаг үе

В.ПУТИНЫ АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАН ХЭЛСЭН ҮГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Орос улсын иргэд ээ! Хүндэт найз нөхөд өө! Өнөөдөр би Донбасст болж байгаа эмгэнэлт үйл явдал болон Орос улсын аюулгүй байдлын талаарх амин чухал асуудлыг ахин сөхөх ёстой боллоо. Энэ оны хоёрдугаар сарын 21-нд ард түмэндээ хандаж хэлж байсан зүйлээ ахих хэлье.

Сүүлийн 30 жилийн турш бид Европын аюулгүй байдлыг хангах нэгдмэл бөгөөд үл ялгаварлах зарчмын талаар НАТО-ийн толгой улсуудтай тохиролцох гэж тэвчээртэй бөгөөд тууштай оролдсоор ирсэн ч амжилтад хүрээгүй гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Манай зүгээс тавьсан саналуудын хариуд улаам цайм мэхэлж, худал ярих эсвэл дарамт үзүүлэн сүрдүүлэх гэсэн оролдлогуудтай тогтмол тулгарч ирсэн бөгөөд Умард Атлантын эвсэл ингэх зуураа манай бүх эсэргүүцэл, түгшүүрийг үл тоон тасралтгүй хүрээгээ тэлсээр ирсэн юм. Цэрэг дайны машин урагшилсаар, дахин хэлэхэд манай хил хязгаарт шууд тулан ирлээ.

Яагаад ийм зүйл болоод байна вэ? Өөрсдийг алдаа үл гаргагч, хүссэн бүгдээ хийх эрхтэй хүн төрөлхтний охь гэсэн байр сууринаас бусадтай үл тоон дээрэнгүй харилцах энэхүү ааш аяг хаанаас гараад ирэв? Манай ашиг сонирхол, ямар ч хууль ёсонд нийцэх манай шаардлагыг яагаад ингэтэл үл тоож, үл хэрэгсэн хандаж байна вэ?

Хариулт нь ойлгомжтой бөгөөд ил тааж ядах юмгүй байна. Өнгөрсөн зууны 80-аад оны сүүлээр ЗХУ суларч доройтсоор эцэс сүүлдээ задарсан. Тухайн үед болж байсан бүх үйл явдлын дараалал бол өнөөдөр бидний хувьд том сургамж бөгөөд төр засаг хийх чадваргүй, хүсэлгүй болох нь бүрэн задарч, түүхэнд мартагдах тийш хийгдэх эхний алхам байдаг гэдгийг үнэмшилтэйгээр харуулсан. Тухайн үед биднийг хэсэг зуур өөртөө итгэх итгэлээ алдахад л дэлхий дахины хүчний тэнцвэр нэг мөр алдагдсан.

Улмаар урьд байгуулсан бүх гэрээ, тохиролцоо бодит байдал дээр үйлчлэхгүй болж таарсан. Аргадаад, гуйгаад ямар ч нэмэргүй. Дангаар ноёрхогч нэг улсын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа юм бүхэн улирч өнгөрсөн, ач холбогдлоо алдсан, хэрэггүй, хуучирсан гэж тунхаглагдаж байна. Харин тэдэнд ашигтай юм болгоныг ямар ч маргаагүй үнэн гэж ямар ч үнээр хамаагүй бусдад бүдүүлгээр тулган хүлээлгэх боллоо. Үүнийг үл зөвшөөрсөн улсуудыг хүчээр нухчин дарж байна.

Энд миний ярьж байгаа зүйл бол гагцхүү Орос улсад хамаатай зүйл биш, бид ганцаар сэтгэл зовниод яваа юм биш гэдгийг хэлье. Энэ бол олон улсын харилцааны бүх тогтолцоонд, тэр дундаа АНУ-ын холбоотнууд хоорондын харилцаанд ч хамааралтай зүйлс юм. ЗХУ задран унасны дараагаар дэлхийн дахиныг дахин хувааж захирах аян эхэлсэн бөгөөд тухайн үед бүрэлдэн тогтоод байсан олон улсын эрх зүйн бүх хэм хэмжээ, тэдгээрийн дундаас Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр батлагдсан тулгуур, амин чухал хэм хэмжээ нь өөрсдийгөө Хүйтэн дайны ялагчид гэж тунхагласан улс орнуудад саад болж эхэлсэн юм.

Бодит амьдрал дээр, олон улсын харилцааг зохицуулдаг хууль дүрэмд дэлхий дахин гарсан өөрчлөлт, хүчний тэнцвэрийн хувиралтыг тооцох ёстой болсон нь мэдээж. Гол ингэж тооцохдоо мэргэжлийн түвшинд, аажмаар, бүх улс орны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандахтай зэрэгцээд өөрийн онцгой хариуцлагыг ухамсарлан хийх ёстой байсан. Гэтэл орчин үеийн дангаар ноёрхох хаанчлалын нэг хэлбэр болох эн зэрэгцэх өрсөлдөгчгүй давуу байдлын улмаас зөвхөн өөрт ашигтай шийдвэрийг хүчээр батлуулж, шийдвэрлүүлж байсан хүмүүсийн их зан, нийтийг хамарсан соёлын доройтлоос болж давуу байдлын мансууралд автсан. Нөхцөл байдал тэс өөрөөр өрнөж эхэлсэн.

Жишээ татахын тулд удаан эрж хайх хэрэггүй. Эхлээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ямар ч зөвшөөрөлгүйгээр Белградын эсрэг байлдааны цуст ажиллагаа явуулж, Европын зүрхэнд байлдааны нисэх хүчин, пуужин ашиглан дайрсан. Энхийн тайван хотууд, тэдний оршин суугчдыг тэтгэгч дэд бүтцийг хэдэн долоо хоногийн турш тасралтгүй бөмбөгдсөн. Өрнөдийн улстөрчид тэр үед болсон зүйлсийг эргэн санах дургүй байдаг болохоор ингэж сануулахаас өөр арга алга, улмаар биднийг энэ тухай сануулаад ирэхээр олон улсын эрх зүйн хэм хэмжээг бус харин өөрсдийн хувьд зөв, хэрэгтэй гэж үзсэн нөхцөл байдлыг зааж, чухалчилдаг боллоо.

Дараа нь Ирак, Ливи, Сирийн ээлж ирсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ливийн асуудлын авсан бүх л шийдвэрийг өөрт ашигтайгаар гуйвуулан завхруулах замаар Ливийн эсрэг цэргийн хүч ашигласнаар энэ улс бүрэн сүйрэн устаж, залгуулаад олон улсын алан хядлагын нүсэр том голомт бий болсноор энэ газар нутаг одоо хүртэл үргэлжилж байгаа иргэний дайны хөлд нэрвэгдэн, хүмүүнлэгийн сүйрэлд живээд байна. Ливи төдийгүй бүс нутгийг бүхэлд нь нөмөрч, хэдэн зуун мянга, сая сая хүнийг нөмөрсөн эмгэнэлийн гайгаар Умард Африк, Ойрх Дорнодын үй олон дүрвэгч Европыг чиглэн дүрвэсэн. Сирид яг ийм тавилан ногдох байлаа. Энэ улсын нутаг дэвсгэр дээр Сирийн хууль ёсны Засгийн газар, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Өрнөдийн эвслийн зүгээс явуулсан байлдааны ажиллагаа бол түрэмгийлэл, булаан эзлэлт мөнөөс мөн билээ.

Гэхдээ энэ бүх үйл явдлын дунд Ирак руу мөн адил ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр дайрсан түрэмгийлэл онцгой байр суурь эзэлж байгаа нь ойлгомжтой. Дайрах шалтаг болгож Иракт үйл олноор хөнөөх зэвсэг байгаа тухай АНУ-ын олж авсан баталгаатай мэдээлэл гэгчийг ашигласан. Тэр бүхнийхээ нотолгоо болгож АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нь дэлхий дахинд Иракт боловсруулсан гэх цагаан нунтагтай хуруу шил сэгсрэн харуулж бүгдийг ятгасан. Гэтэл дараа нь тэр бүхэн нь хууран мэхлэл, заль мэх байсан, Иракт ямар ч химийн зэвсэг байгаагүй нь ил болсон. Ийм зүйлд итгэхэд бэрх ч бодитоор болсон зүйлийг үгүйсгэх аргагүй юм. Төрийн хамгийн өндөр түвшинд худал хэлж, түүнээ НҮБ-ын өндөр дээд индэр дээрээс зарласан. Үр дүнд нь асар олон хүн амиа алдаж, сүйрэл үүдэж, алан хядлага урд өмнө нь байгаагүй их хэмжээгээр газар авсан.

Өрнө дахин өөрийн дүрэм журмыг тогтоох гэж хүчээр дайрсан дэлхийн өнцөг булан бүрд эцэст нь олон улсын алан хядлага, шашны хэнээтнүүдийн үл эдгэх цуст шарх тогтож үлддэг гэсэн сэтгэгдэл төрж байна. Энэ бүхэн бол олон улсын эрх зүйг үл тоосон эрээ цээргүйн дээр цор ганц жишээ биш юм.

Тэдгээрийн тоонд НАТО-г дорно зүгт нэг ямх ч тэлэхгүй гэж манай улсад өгсөн амлалт ч орно. Давтан хэлье, биднийг мэхэлсэн, хар яриагаар бол шууд мурьсан. Тийм ээ, улс төр гэдэг бохир ажил байдаг тухай яриа их. Магадгүй л ч гэлээ, ийм түвшинд хүртэл байх ёсгүй. Ийм улаам цайм луйварчин зан гаргах нь олон улсын харилцааны зарчимд төдийгүй дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахуун, ёс зүйн зарчимд үл нийцнэ. Тэгвэл энд шударга ёс, шударга үнэн хаана байна вэ? Хаашаа ч харсан улаам цайм худал яриа, хоёр нүүр гаргасан харилцаа байна.

Дашрамд хэлэхэд АНУ-ын дотоодод сүүлийн жилүүдэд жинхэнэ “худал хуурмагийн эзэнт улс” гээчийг байгуулаад байгаа тухай Америкийн улстөрчид, улс төр судлаачид, сэтгүүлчид бичиж, ярьцгаах болсон. Бодит байдал тийм байгаа учраас тэдэнтэй санал нийлэхгүй байх аргагүй. Гэхдээ АНУ бол тогтолцоо бий болгогч агуу их гүрэн тул дэмий даруу зан гаргах нь илүүц. Америкийн бүх дагуул улс орнууд алхам тутамд нь дуулгавартайгаар магтан дуулж, хөхүүлэн дэмжээд зогсохгүй санал болгож байгаа тоглоомын дүрмийг нь бахдан хүлээн авч, гаргаж байгаа ааш авирыг нь шууд хуулбарлан дуурайж байна. Тиймээс, АНУ-ын зүгээс өөрийн биеийг өвчин дуурайлгаж бүтээсэн Өрнөдийн нэртэй эвсэл нь тэр чигээрээ өнөөх худал хуурмагийн эзэнт улс болж хувирсан бүрэн үндэслэлтэйгээр хэлж болж байна.

Манай улсын хувьд ЗХУ-ыг задран унасны дараагаар шинэ Орос орон хэзээ ч байгаагүй ил тод, нээлттэй байж, АНУ болон Өрнөдийн бусад хамтрагч нартай шударгаар ажиллахад бэлэн байсаар ирсэн бөгөөд өөр ямар ч улсын хийгээгүйгээр зэвсэглэлээ хязгаарлаж ирсээр байтал биднийг тэр даруй гүйцээж шахаанд оруулан нэг мөр сүйрүүлэхийг оролдоцгоосон. Яалт ч үгүй 90-ээд он, 2000 оны эхээр Өрнө дахин Оросын өмнөд нутаг дах салан тусгаарлах үзэл, дээрмийн бүлэглэлүүдийг хамгийн идэвхтэйгээр дэмжих үед яг л тийм зүйл болсон. Бид Кавказ дах олон улсын алан хядлагын нугасыг нэг мөр хугулах хүртэл ямар их бэрхшээлийг давж, ямар их үнэ төлсөн билээ. Бид тэр бүхнийг санаж байна, хэзээ ч мартахгүй.

Тэгээд ч бидний өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж, өөрсдийн улс орнуудад хүчээр нутагшуулсан хүний мөн чанарт үл нийцэх учраас ялзрал сүйрэл дагуулдаг тийм хуурамч үнэт зүйлсийг тулган хүлээлгэх, манай уламжлалт үнэт зүйлсийг сүйрүүлж, бидний, манай ард түмнийг дотроос нь идэж сөнөөх хуурамч үнэт зүйлсийг тулган хүлээлгэх гэсэн оролдлогууд одоо ч хүртэл тасрахгүй байна. Бусад улсад ч бүрэн биелэхгүй байгаа тэр оролдлого манайд хэзээ ч биелэх ёсгүй. Одоо ч биелж чадахгүй.

Бид өөрсдийн зүгээс бэрхшээлийг үл тоон 2021 оны арванхоёрдугаар сард Европын аюулгүй байдлыг хангах зарчмууд, НАТО-г үл тэлэх тухайд АНУ болон түүний холбоотнуудтай ээлжит удаагаа тохиролцох гэж оролдсон. Ямар ч үр дүн гараагүй. АНУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй. Тэд өөрсдийн зорилгод хүрэхээр хөөцөлдөхдөө бидний ашиг сонирхлыг үл тоон бидний хувьд амин чухал энэ асуудлын талаар тэд Орос улстай тохиролцох хэрэггүй үзэж байна.

Ийм нөхцөлд цаашид хийх вэ? юуг хүлээх вэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Өнгөрсөн зууны 40 он, 41 оны эхээр ЗХУ дайныг гаргуулахгүй байх, үгүйдээ гэхэд хойшлуулах гэж зүйл бүрээр хичээж байсныг түүхээс бид харсан. Үүний тулд бид болзошгүй түрэмгийлэгчид ямар ч шалтаг өгөхгүйн төлөө эцсээ хүртэл хичээхдээ зайлж үл болох дайралтыг няцаахын тулд хийх ёстой зайлшгүй алхмуудын хүртэл хойшлуулж эсвэл авахгүй явж ирсэн байдаг. Тэгсээр эцсийн эцэст авсан арга хэмжээ нь дэндүү оройтон их сүйрэл дагуулсан.

Тэр бүхний үр дунд Нацист Герман 1941 оны зургаадугаар сарын 22-нд дайн зарлалгүйгээр Эх орон руу маань гэнэдүүлэн дайрахад бид бүх хүчээрээ угтаж авахад бэлэн байгаагүй. Дайсныг асар их үнээр зогсоогоод дараа нь ялж чадсан. Аугаа их эх орны дайны өмнө түрэмгийлэгчийг аргадаж, арга эвийг нь олох гэсэн оролдлого нь манай ард түмний асар их төлөөс шаардсан алдаа болсон юм. Дайны эхний хэдхэн сарын дотор бид стратегийн хувьд чухал газар нутаг, сая сая хүнээ алдсан. Бид хоёр дах удаагаа ийм алдаа гаргахгүй, тийм эрх бидэнд алга.

Дэлхийд дангаар ноёрхох хүсэлтэй улс орнууд нь Орос улсыг ямар ч бодит үндэслэлгүйгээр олны нүдэнд ил цагаанаар дайснаа гэж зарлан тунхаглаж байна. Тэд өнөөдөр санхүү, шинжлэх ухаан ба технологи, түүнчлэн дайны боломжоор үнэхээр биднээс илүү. Бид энэ тухай мэдэж байгаа бөгөөд манай эсрэг байнга хийгдэж байгаа эдийн засгийн аюул заналхийллийг бодитоор үнэлэхтэй зэрэгцээд, энэхүү улаан цагаандаа гарсан бөгөөд зогсоож үл болох сүрдүүлгийг сөрөн зогсох өөрийн боломжийг объектив байдлаар үнэлж, тодорхойлж байна. Давтах хэлье, тэдний сүрдүүлгийг бид элдэв төөрөгдөлгүйгээр дээд зэргийн бодитоор үнэлж байна.

Цэрэг дайны салбарын тухайд гэвэл орчин цагийн Орос орон нь ЗХУ задарч, нөөц боломжийнхоо ихээхэн хувийг алдсан хэдий ч дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн зэвсэгтэй гүрний нэг хэвээр төдийгүй олон тооны шинэ зэвсэглэлийн талаар тодорхой давуу талтай болсон. Иймд манай улсад шууд халдан довтолсон ямар ч түрэмгийлэгч нь өөрийн хувьд бүрэн сүйрэл бөгөөд аймшигтай үр дагавартай тулгарна гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм.

Түүнчлэн технологи, түүнд дотроо Батлан хамгаалах технологи маш хурдан өөрчлөгддөг. Энэ салбар дах манлайлал нь нэгээс нөгөөд шилжиж байдаг бол манай улстай хил залгаа газар нутагт цэргийн хүчээ байршуулахыг зүгээр хараад зөвшөөрвөл цаашид олон арван жилдээ эсвэл бүр үүрд үлдээд Орос улсын хувьд байнга өсөн нэмэгдэх бөгөөд яагаад ч хүлцэн тэвчиж үл болох аюул заналхийлэл учруулах болно.

НАТО-г дорно зүгт тэлэхийг дагаа одоогоос манай улсын хувьд нөхцөл байдал жилээс жилд улам л таагүй, улам аюултай болсоор. Ийм байтал НАТО-ийн удирдлага эвслийн хүчний дэд бүтцийг Оросын хил хязгаар руу ойртуулах ажлыг яаравчлах тухай шууд ярьдаг боллоо. Өөрөөр хэлбэл тэд байр сууриа улам бэхжүүлж байна. Ийм нөхцөлд болж байгаа зүйлсийг бид зүгээр ажиглаад суух аргагүй юм. Зүгээр суух нь манай хувьд дээд зэргийн хариуцлагагүй алхам болох байлаа. Украйны газар нутагт цэрэг, зэвсэглэлээ байршуулах замаар Умард Атлантын эвслийн дэд бүтцийг цаашид тэлэх явдал нь бидний хувьд байж боломгүй зүйл. Энд асуудлын гол нь НАТО нэртэй байгууллагад ч байгаа юм биш, мөн чанартаа энэ байгууллага нь АНУ-ын гадаад бодлогын хэрэгсэл төдий. Асуудлын гол нь гэвэл манай улстай хил залгаа газар нутагт дээр, манай түүхэн газар нутаг дээр биднийг үзэн ядаж дайсагнасан, гаднын улсуудын бүрэн хяналтад байдаг, НАТО-ийн орнуудын цэргийн хүч эрчимтэй тухлан нутагшиж, хамгийн орчин үеийн зэвсэглэлээр ханатал хангагдсан “Анти-Орос”-ыг байгуулж байгаад байна.

Оросыг чөдөрлөх гэсэн энэхүү бодлого нь АНУ болон түүний холбоотнуудын хувьд илэрхий ашигтай. Харин манай улсын хувьд эцэстээ үхэх сэхэхийн асуудал, манай ард түмний түүхэн ирээдүйнд асуудал юм. Ямар ч хэтрүүлэггүйгээр байдал тийм болоод байна. Энэ бол манай ашиг сонирхолд учруулж байгаа бодит аюул төдийгүй манай улс, түүний тусгаар тогтнолд учруулж байгаа бодит аюул юм. Энэ бол бидний нэг бус удаа ярьж байсан улаан шугам. Тэд энэ шугамыг давлаа.

Үүнтэй холбоотойгоор Донбаас дах нөхцөл байдлын талаар тодруулъя. Украйнд 2014 онд төрийн эргэлт хийж, эрх мэдлийн гартаа аваад ёс төдий сонгуулийн арга хэмжээ төдийхнөөр атгаж байгаа талынхан мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулахаас нэг мөр татгалзсан билээ. Найман жил, уртаас урт найман жилийн турш бид асуудлын энх замаар, улс төрийн аргаар шийдэхийн тулд бүгдийг хийсэн. Гэвч тэр бүхэн талаар боллоо.

Тэнд болж байгаа бүхнийг сэтгэл өвдөлгүйгээр харах боломжгүй тухай би өмнө нь ярьж байсан. Одоо бол цаашид тэвчих аргагүй боллоо. Тэнд амьдарч, зөвхөн Орос оронд найдаж байгаа сая сая хүний эсрэг явуулж байгаа хоморголон устгах бодлогыг нэн даруй таслан зогсоох шаардлагатай болсон юм. Донбасс дах ардын бүгд найрамдах улсуудын манай зүгээс хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн гол зүйл бол хүмүүсийн энэ их итгэл найдвар байсан юм.

Энд зарим зүйлсийг онцлох хэрэгтэй гэж бодож байна. НАТО-ийн тэргүүлэгч улс орнууд нь өөрсдийн зорилгод хүрэхийн тулд Украйн дах улангассан үндсэрхэг үзэлтнүүд, неонацистуудыг дэмжиж, нөгөөдүүл нь Оростой нэгдэхээр Крым, Севастополийн оршин суугчдын хийсэн чөлөөт сонголтыг хэзээ ч уучлахгүй болсон.

Улмаар тэд Эх орны аугаа их дайны үеэр Гитлерийг дэмжигч Украйны үндсэрхэг үзэлтнүүдийн дээрмийн бүлэглэлүүд энгийн номхон иргэдийг алж, устгаж байсантай адилаар одоо Донбасс руу дайн өдөөж өнгөлзөж байгаа шигээ Крым руу өнгөлзөх нь мэдээж. Тэд Оросын өөр бусад олон газар нутгийг эзлэх санаатай гэдгээ нуухгүй байгаа.

Үйл явдлын өрнөл, ирж байгаа мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ нь Орос орон энэ хүчтэй мөргөлдөх нь гарцаагүй гэдгийг харуулж байна. Тэд хүлээж, өөрт нь ашигтай нөхцөлийг хүлээж байгаа учраас мөргөлдөөн эхлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал. Одоо тэнд бас болоогүй цөмийн зэвсэгтэй болохоор чармайх тухайгаа зарлалаа. Бид тэдэнд тийм боломж олгохгүй.

Орос улс нь ЗХУ-ыг задран унасны дараагаар геополитикийн шинэ бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн билээ. Зөвлөл задарсны дараах орон зайд шинээр бий болсон бүх улс орнуудад бид хүндэтгэлтэй хандаж байсан, цаашид ч тэгж хандсаар байх болно. Бид тэдний тусгаар тогтнолыг хүндэлдэг бөгөөд төр улсынхаа бүрэн бүтэн байдлын эсрэг эмгэнэлт үйл явдалтай тулгарсан Казахстанд үзүүлсэн бидний тусламж бол энэ хүндлэлийн жишээ юм. Гэвч одоогийн Украйн улсын газар нутгаас тасралтгүй ялгарч байгаа аюул заналхийллийн дэргэд Орос улс аюулгүй, тайван оршин тогтнох боломжгүй.

Дахин сануулахад бид 2000-2005 онуудад Кавказ дах алан хядагчдад цохилт өгч, улс орныхоо бүрэн байдлыг алдалгүй хадгалан Орос улсыг бүрэн бүтнээр нь хадгалж үлдэж чадсан. Бид 2014 онд Крымийн хойг, Севастопол хотынхныг дэмжсэн. Бид 2015 онд Сирийн алан хядагчдыг Орос улс руу нэвчин орж ирэхээс найдвартай хамгаалж чадсан. Өөрсдийгөө хамгаалах өөр арга бидэнд байгаагүй.

Одоо ч яг адил зүйл болж байна. Бидэнд Орос орноо, өөрсдийн иргэдээ хамгаалахын тулд өнөөдөр ашиглах гэж байгаагаас өөр ямар ч боломж үлдээсэнгүй. Нөхцөл байдал биднээс эрс шийдэмгий бөгөөд нэн даруй арга хэмжээ авахыг шаардаж байна. Донбассын ардын бүгд найрамдах улсууд тусламж хүсэн Орос улсад хандлаа.

Иймд бид НҮБ-ын Дүрмийн 7 дугаар хэсгийн 51 дүгээр зүйлийн дагуу, Оросын Холбооны зөвлөлийн соёрсны дагуу, Донецк ба Луганскийн ардын бүгд найрамдах улсуудтай байгуулсан найрамдал ба харилцан туслалцах гэрээг Холбооны хурлаас соёрхон баталсны дагуу миний бие бээр байлдааны тусгай ажиллагаа явуулах шийдвэрийг гаргаж байна.

Энэхүү ажиллагааны зорилго нь найман жилийн турш Киевийн дэглэмийн зүгээс доромжлол, толгой дараалан устгах заналхийлэлд өртөж байгаа хүмүүсийг аврах. Үүний тулд бид Украйныг нацистуудаас цэвэрлэх, зэвсэглэлээр хөөцөлдөхийг нь зогсоохыг хичээхтэй зэрэгцээд энгийн номхон иргэд, тэр дундаа ОХУ-ын иргэдийн эсрэг олон тооны цуст гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шударга шүүхийн гарт шилжүүлэхийг хичээх болно.

Бидэнд Украйны газар нутгийг булаан эзлэх төлөвлөгөө огт байхгүй. Бид хэнд ч юуг ч хүчээр тулган хүлээлгэх гэсэнгүй. Ийм байтал сүүлийн үед Өрнө дахинд Зөвлөлтийн тоталитар дэглэм гарын үсэг зурсан Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг баталгаажуулсан гэрээнүүдийг дагаж мөрдөх шаардлагагүй гэсэн яриа улам олон сонстох боллоо. Энэ бүхэнд яаж хариулах ёстой юм бэ?

Дэлхийн хоёрдугаар дайны үр дүн, нацизмыг ялахын тулд манай ард түмний төлсөн золиос нь халдашгүй ариун зүйлс. Дайны дараах олон арван жилд бүрдсэн хүний эрх, эрх чөлөөний талаарх өндөр дээд үнэт зүйлсэд бидний өргөсөн энэ золиос огтхон ч зөрчилдөхгүй. Түүнчлэн НҮБ-ын Дүрмийн 1-р зүйл заасан манай үндэстний зүгээс өөрийн хөгжлийн чигийг бие даан тодорхойлох эрхийг халахгүй.

ЗХУ-ыг байгуулахад ч тэр, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа орчин үеийн Украйны мэдэлд орсон газар нутаг дээр оршин сууж байгаа хүмүүсээс ч тэр амьдралаа ямар замаар тохинуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа талаар нь хэн ч хэзээ ч асууж байгаагүй гэдгийг энд сануулах хэрэгтэй. Манай улсын бодлогын үндэс нь эрх чөлөө, өөрсдийн ирээдүйгээ болон үр хүүхдийнхээ ирээдүйг бие даан тодорхойлох сонголт юм. Тийм учраас бид одоогийн Украйны нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа бүх үндэстнүүд сонголт хийх энэхүү эрхээ эдлэх нь нэн чухал гэж үзэж байна.

Үүнтэй холбоотойгоор Украйны ард түмэнд хандаж байна. Орос улс 2014 онд Крым болон Севастополийн оршин суугчдыг ”нацистууд” гэж нэрлэдэг хүмүүсээс хамгаалах ёстой байсан. Крым, Севастополийн иргэд түүхэн холбоотой эх орон, уугуул нутаг Орос улстайгаа хамт байх сонголтоо хийж, бид түүнийг нь дэмжсэн. Өөрөөр байх боломжгүй байсан гэдгийг давтан хэлье.

Өнөөдөр болж байгаа үйл явдал нь Украйны ашиг сонирхлыг шамшигдуулах, украйны ард түмнийг хохироох гэсэн хүсэлтэй огт хамааралгүй. Украйныг барьцаалаад, манай улс, түүний ард түмний эсрэг ашиглахыг оролдож байгаа хүчний эсрэг Орос орон өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм.

Энэ бол бидний эсрэг чиглэсэн аюул заналхийллийн эсрэг өөрийгөө хамгаалах үйлдэл, одоо болж байгаагаас бүр ч илүү аюулаас хамгаалах гэсэн үйлдэл гэдгийг давтан хэлье. Ойлгоход хэдий хэцүү байлаа ч үүнийг ойлгож, энэхүү эмгэнэлт хуудсыг аль болох хурдан эргүүлж цаашид хамт урагшлахын тулд та бүхнийг хамтран зүтгээсэй гэж уриалж байна. Манай хоёр улсын хэрэг явдалд, бидний харилцаанд хэнийг ч хөндлөнгөөс бүү оролцуулаасай, биднийг зааглагч хил хязгаар байдаг хэдий ч цаашид биднийг нэгэн цул болж бэхжихэд, тулгараад байгаа бүх асуудлыг давж гарахад таатай боломж бүрдүүлэхийн төлөө харилцаагаа бие даан хөгжүүлэхийг уриалж байна. Би ингэж чадна гэдэгт итгэж байна.

Украйны зэвсэгт хүчний албан хаагчдад хандах нь зүйтэй гэж үзлээ. Эрхэм нөхөд өө. Өнөөдрийн неонацистууд Украйны эрх мэдлийг гартаа оруулаасай гэж та нарын эцэг өвгөд чинь бид бүхний нэгдмэл эх орныг хамгаалан нацистуудтай тулалдаагүй юм шүү. Та нар Украйны ард түмэнд үнэнч гэж тангараг өргөсөн болохоос Украйныг тонож дээрэмдэн, ард олныг нь гутаан доромжилж байгаа ардын эсрэг хунтад зүтгэнэ гэж тангараг өргөөгүй.

Тэр дэглэмийн тушаалыг бүү биелүүл. Та нарыг зэвсгээ нэн даруй орхиод, орон гэртээ харьцгаахыг уриалж байна. Энэ шаардлагыг биелүүлсэн Украйны армийн бүх албан хаагч дайны бүсийг ямар ч саадгүйгээр орхин гарч, гэр орондоо харих боломжтой. Цус урсгасан дайны бүх хариуцлагыг Украйны газар нутагт эрх барьж байгаа дэглэм бүрэн хүлээх ёстой гэгийг дахин давтан хэлье.

Харин одоо бол болж байгаа үйл явдалд хөндлөнгөөс оролцох шунал нь төрж магадгүй талуудад хандан хэдэн чухал зүйл зүйл хэлье. Бидэнд саад болох гэж оролдсон, манай улсын хувьд, манай ард түмний хувьд аюул учруулах гэж оролдсон тал нь хэн байхаас үл хамаараад Орос орны өгөх хариу нь нэн даруй байна гэдгийг мэдтүгэй. Өгөх хариуны үр дагавар нь танай тал түүхэндээ хэзээ ч тулгарч байгаагүй тийм байх болно. Бид үйл явдал яаж ч өрнөсөн бэлтгэлтэй байна. Энэ бүхэнтэй холбоотой бүх шийдвэрүүдийг хэдийн гаргасан. Миний үгийг сонсоно байх гэдэгт найдаж байна.

Эрхэм хүндэт Оросын иргэд ээ! Аливаа нэг улс гүрэн, үндэстний эсэн мэнд оршин тогтнох эсэх нь, амжилтад хүрэх эсэх нь эцэг өвгөдийн ёс уламжлал, үнэт зүйлс ба соёлын үндэснээс эх аван урган гарч ирдэг бөгөөд цаашид байнга хувиран өөрчлөгдөх амьдралд хэр хурдан дасан зохицдог, нийгэм нь хэр эв нэгдэлтэй байдаг, урагшлахын тулд бүх хүчээ нэгтгэх зангидаж чаддаг эсэхээс хамаардаг билээ.

Бяр чадал, хүч ямагт хэрэгтэй ч гэлээ тэр хүчний чанар нь янз бүр. Дээр ярьсан “худал хуурмагийн эзэнт гүрний” явуулж байгаа бодлогын үндэс нь бүдүүлэг, бүгдийг хуу хамсан хүч. Ийм тохиолдолд “Хүч байхад ухаан хэрэггүй” гэж ярьдаг.

Гэтэл жинхэнэ хүч чадал гэдэг шударга ёс, манай талд байгаа хууль журамд байдаг гэдгийг та бид мэднэ. Хэрэв энэ үнэн бол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн гол үндэс нь хүч чадал ба тэмцэлд бэлэн байдал мөн гэдэгтэй санал нийлэхээс өөр аргагүй бөгөөд энэ бүхэн нь эх орноо хөгжүүлж, гэр бүлээ байгуулж, ирээдүйгээ цогцлуулж болох цор ганц тулганы чулуу мөн билээ.

Эх орон нэгтнүүд ээ! Оросын зэвсэгт хүчний улс орондоо үнэнч цэрэг офицерууд нь хүлээсэн үүргээ мэргэжлийн түвшинд, эр зоригтойгоор биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай эдийн засаг, санхүүгийн тогтолцоо, нийгмийн халамжийн салбарын тогтвортой байдлыг хариуцаж байгаа мэргэжилтнүүд, төр засгийн бүх шат, манай компаниудын удирдлагууд, Оросын бизнес бүхэлдээ эв нэгдэлтэй бөгөөд үр дүнтэй ажиллаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Парламентын бүх намууд болон олон нийтийн бүх хүч эв нэгдэлтэй бөгөөд эх оронч байр суурьтай байна гэдэгт найдаж байна. Эцсийн эцэст нь Орос орны хувьд тавилан түүхийн бүх л шатанд байсанчлан олон үндэстнээс бүрддэг манай ард түмний гарт байгаа билээ. Харин энэ бол гаргасан шийдвэрүүдийг биелүүлж, тавигдсан зорилгодоо хүрч, Эх орны маань аюулгүй байдал найдвартай гарт байна гэсэн үг билээ. Та бүхний дэмжлэг, эх орон, эцэг өвгөдийн нутгаа гэсэн хайр халамжаас бидэнд ирдэг ялагдашгүй хүч чадалд итгэж байна.

Эх сурвалж kremlin.ru

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button