Валинтены өдрийн тухай сонирхолтой мэдээллүүд
Жил бүрийн 02-р сарын 14-нд тэмдэглэдэг Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн, залуу ламын хайр дурлалын домгоос үүдэн тогтсон баяр юм.
Манай эрины III зуунд Ромын эзэн хаан 2-р Клавдий /Claudius II/ эрчүүд гэр бүлтэй болохын оронд эх орноо хамгаалах хэрэгтэй хэмээж эрчүүдийг эхнэр авахыг, хүүхнүүдийг хайртай залуутайгаа гэрлэхийг хориглосон хууль гаргажээ.
Залуу лам Валентин /Valentine/ эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүй тул залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ.
Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж, хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна.
Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн. Түүнийг МЭ-ний 269 оны 2-р сарын 14-ий өдөр цаазалсан гэж үздэг юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ.
Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ. Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ.
Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ. Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ.
Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна.
Энэ өдрийн тухай сонирхолтой баримтуудаас: Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ.
Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Жил бүр Гэгээн Валентины өдрөөр дэлхий даяар 50 сая гаруй сарнай худалдаалагддаг гэнэ. АНУ-д 9 сая гаруй хүн Гэгээн Валентины өдрөөр гэрийн тэжээмэл амьтаддаа бэлэг бэлддэг.
Гэгээн Валентины өдөр шоколад, чихрийн худалдааны орлого нэг тэрбум гаруй ам.доллар давдаг. Жил бүр Гэгээн Валентины өдрөөр Шекспирийн зохиолын Ромео , Жульетта амьдарч байсан Верона руу Жульеттагийн нэр дээр 1,000 орчим захидал ирдэг аж.
Голландад Гэгээн Валентины өдрөөр онцгой дүрэм үйлчилдэг. Эмэгтэй хүн хоёрдугаар сарын 14-ний өдөр эр хүнээс өөрийн нөхөр болохыг гуйж болдог. Харин эр хүн татгалзах бол хатагтайд торгон даашинз өгдөг гэнэ. Ямайкад энэ өдөр ичимхий бүрэг занг нэг мөр гээдэг.
Энэ өдөр хосууд гартаа зөвхөн хуримын бөгж зүүж, нүцгэн гэрлэх ёслол байдаг нь олон жуулчдыг гайхшруулдаг гэнэ. Иран болон Саудын Арабт Гэгээн Валентины өдрийг хориглосон байдаг, хууль зөрчвөл их хэмжээний торгууль төлнө.
Durex компанийн хийсэн тооцооллоор Гэгээн Валентины өдрөөр бэлгэвчний борлуулалт 25 хувиар өсдөг гэнэ. Харин энэ өдрөөс хойш сар орчмын дараа жирэмснийг шалгах сорилын эрэлт эрс нэмэгддэг гэнэ. Монголд анх 1995 онд хүүхэд, залуучуудын чөлөөт цагийн “Парадайс” клубыг үүсгэн байгуулагч Сансар, Надмид,
Анжигай нар уг баярыг анхлан нэвтрүүлж, одоогийн Удирдлагын академийн зааланд анхны баярын үдэшлэгийг зохион байгуулж, анх удаа бяцхан тэнгэрийн элчүүдээр хосуудын бэлгийг хүргүүлэх үйлчилгээ нэвтрүүлж байжээ. Тэр цагаас хойш Монголчууд ч уг баярыг өргөн тэмдэглэх болсон.