МэдээЦаг үе

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ УЛС ТӨРИЙН, МЭРГЭЖЛИЙН БУС ТОМИЛГОО ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН,ҮҮНИЙГ ЗАСАХ ЁСТОЙ

Боловсролын шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын өөрчлөлтийн талаар, тус салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар нэлээн дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн юм. Энэ үеэрээ “Боловсролын салбарт улстөржсөн, мэргэжлийн бус томилгоо гамшгийн хэмжээнд хүрсэн” тухай онцлон ярив.

Тэрбээр “Боловсролын салбарт өнөөдөр олдож байгаа нэг том давуу тал, боломж юу вэ гэвэл УИХ-д Боловсролын багц хуулийг өргөн барилаа. Энэ хууль түүхэндээ анх удаа боловсролын бүх түвшний хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх гэж оролдож байгаагаараа ихээхэн онцлогтой.

Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, дунд боловсрол, ахлах боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролыг цогцоор нь харж, эрх зүйн шинэчлэлийг хийх гэж байгаагаараа онцлогтой.

Нөгөө талаас өнгөрсөн жилд болсон нэг том үйл явдал бол боловсролын салбарт байсан мэргэжлийн боловсролыг ХНХЯ-ны харьяанд шилжүүлсэн нь бодлогын алдаа завхрал байсан. Тиймээс энэ алдааг засахын тулд эргээд мэргэжлийн болон техникийн боловсрол манай яамны харьяанд ирсэн учраас боловсролын бүх түвшинд уялдаа холбоо хангагдах нөхцөл бүрдсэн.

Цаашид хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай, мэдлэгтэй үндэсний боловсон хүчнүүдийг бэлтгэх боловсролын тогтолцоо бүтэн болсон гэж ойлгож болно” хэмээн онцлов. Мөн “Энэ хаврын чуулганаар Боловсролын багц хуулиуд батлагдаж гарна гэж бодож байна.

Тийм учраас нэгдүгээрт, хууль батлагдана, хоёрдугаарт, 2022 оны улсын төсвийн тухай хууль дээр баталсан хамгийн том шинэчлэл бол Боловсролын салбарын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо юм. Боловсролд зарцуулж байгаа нэг төгрөг өнөөдөр тухайн хүүхдэд одоо ямар өгөөж өгч байгаа юм бэ гэдгийг хэмжиж сурах ёстой юм билээ.

Түүнээс биш одоо ёроол нь онгорхой хувин шиг байж болохгүй. Эдийн засгийн талаас нь харахад ДНБ-д эзэлж байгаа боловсролд зарцуулж байгаа мөнгөнийхөө хувь хэмжээгээр манай улс дэлхийн дундаж түвшинд оччихсон. Манай улс ДНБ-ийхээ 4-5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг буюу жилд 2.3 их наяд төгрөгийг боловсролдоо зарцуулдаг.

Ийм хэмжээний мөнгийг боловсролд зарцуулдаг улс дэлхийд боловсролоороо тэргүүлэх хэмжээнд оччихсон байх ёстой. Төсвийн урсгал зардлын 10-18 хувийг боловсролын салбарт зарцуулж байна. Гэтэл энэ санхүүжилт өнөөдөр үр дүнтэй, өгөөжтэй байж чадаж байна уу. Төрөөс нэг хүүхдэд 800 мянган төгрөгөөр тооцож хувьсах зардал санхүүжүүлдэг.

Тэгвэл энэ мөнгө хүүхдийн сурах орчинг сайжруулж, чадварлаг багшийн цалин урамшууллын асуудлыг шийдэж чадаж байна уу, хүүхэд эзэмшвэл зохих ур чадварыг эзэмшүүлж чадаж байгаа эсэхийг хэмжээд үзэхээр үр дүн маш муу байдаг.

Тийм учраас боловсролд зарж байгаа нэг төгрөгийг яавал үр өгөөжтэй зарах вэ гэдэг энэ шинэчлэлийг хийх нь боловсролын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог шинэчлэхээс эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн хүртээмжийн хувьд тодорхой үр дүн гарсан. Өнөөдөр улс орон даяар гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй.

Таван настай хүүхдийг зуун хувь цэцэрлэгт хамруулах боломжоор хангасан. Цаашдаа дөрвөн настай хүүхдүүдийн 70-80 хувийг цэцэрлэгт хамруулах цэцэрлэгийн багтаамжтай болчихсон. Одоо хүртээмжээс илүү чанарт анхааръя. Хүүхдүүдийг олимпиадад бэлдэх ёстой юм уу, амьдралд бэлдэх ёстой юм уу гэдэг зарчмын асуудал дээр ирчихээд байна.

Багш, сургуулийн ажлыг дүгнэхдээ олимпиадад олон хүүхэд оролцуулснаар нь, эсвэл ЭЕШ-д өндөр оноо авахуулснаар нь дүгнэдэг. Энэ бол маш буруу тогтолцоо. Харин хүүхэд бүрд өөрөө сурах боломжийг олгосон байна уу, хүүхэд бүрд ахиц дэвшил гаргах боломж нөхцөлөөр нь хангасан эсэх үр дүнгээр үнэлдэг тогтолцоо руу шилжих юм. Ингэснээр чанартай боловсролын тогтолцоог бий болгох боломжтой.

Би нэг жишээ дурдъя л даа. Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд гэж ярьж байгаа. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлсэн төрийн өмчийн гурван сургууль байна. Бусад нь хувийн өндөр төлбөртэй сургуулиуд кембрижийн хөтөлбөр буюу олон улсын хөтөлбөртэй байна. Кембрижийн хөтөлбөр гэдэг бол үндсэндээ байгалийн ухааны хичээлүүдийг олон улсын хөтөлбөрүүдтэй дүйцүүлж тооцох ийм хөтөлбөр.

Энэ хөтөлбөрийн давуу талуудыг яагаад төрийн өмчийн 850 сургуульд сурч байгаа 800 мянган хүүхэд тэгш хүртэж болдоггүй юм бэ. Яагаад дандаа Зайсанд амьдардаг, аав ээж, ар гэр нь боломжтой айлын хүүхдүүд, эсвэл хамгийн чадвартай хүүхдүүдийг сонгож, хичээллүүлж байгаа төрийн өмчийн гурван сургуульд сурч байгаа хүүхдүүд тус хөтөлбөрийг судлах ёстой гэж.

Энэ хэлбэр эргээд нийгмийн тэгш бус байдлыг өдөөж байгаа хэрэг. Тиймээс цаашид хүүхэд бүрд чанартай тэгш боловсрол олгохын тулд Үндэснийхээ хөтөлбөрийг олон улсад өрсөлдүүлэх чадвартай хөтөлбөр боловсруулах ёстой. Хөтөлбөрийн өөрчлөлт гээд ярихаар сайд бүхэн гарч ирээд төлбөр шинэчилдэг гэдэг шүүмжлэл гардаг.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд боловсролын салбар хамгийн том сорилтыг давсан. Учир нь өмнө нь арван жилийн боловсролын тогтолцоотой байсан. Гэтэл сургуульд элсэн суралцах хүүхдийн насыг зургаан нас болгосон. Дахиад 11,12 жилийн тогтолцоонд шилжсэн. Өөрөөр хэлбэл, хуучин 10 жилийн тогтолцооноосоо гурван жилээр илүү сурдаг тогтолцоонд шилжсэн.

Бусад улс оронд энэ тогтолцоо руу удаан хугацаанд төлөвлөж, аажмаар шилждэг. Гэтэл манайхан 10 хүрэхгүй жилийн дотор маш хурдацтай шилжсэн. Хоёрдугаарт, арав хүрэхгүй жилийн дотор 4-5 хөтөлбөрийн шинэчлэлийг ойрхон хугацаанд хийсэн. Хөтөлбөр шинэчлэгдэхээр агуулга шинэчлэгдэнэ, агуулга шинэчлэгдэхээр багш нарын арга зүй, шинэчлэгдэх ёстой.

Гэтэл багш нар шинэ хөтөлбөрөө бүрэн ойлгоогүй, арга зүйгээ өөрчилж чадаагүй учраас ойр ойрхон хөтөлбөр шинэчлэгдсэнээс үүдэн олон сөрөг үр дагавар гарсан. Тийм учраас боловсролын салбарт ковидын өмнөх болон дараах хоцрогдол нүүрлэсэн.

Боловсролын салбарт улс төрийн тогтвортой байдал маш чухал. Манай салбар таван жилийн дотор зургаан сайдын нүүр үзэж байгаа нь хамгийн аюултай үзэгдэл. Улс орны хамгийн тогтвортой байх салбар эрүүл мэнд, боловсролын салбар байдаг. Байгалийн баялгийн тэгш хүртээмж гэдэг зөвхөн 1072 ширхэг хувьцааны эзэн байхын нэр биш.

Харин иргэн бүрд чанартай, хүртээмжтэй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлдэг улс орон байгалийн баялгийг тэгш хүртээж байна гэж ойлгох ёстой. Энэ тогтолцоо руу бид шилжих ёстой. Дэлхийн улс орнуудын хөгжлийг эдийн засгийн өсөлт,

нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ гэхээсээ илүү хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр хэмждэг болчихсон. хүний хөгжлийн индекс (ХХИ) гэдэг юу юм бэ гэвэл иргэн бүрдээ чанартай, хүртээмжтэй эрүүл мэнд, боловсролын тогтолцоог бий болгож чадсан уу гэдэг ганцхан хэмжүүрээр хэмждэг болсон.

Өнөөдөр бас аймаг, сумдын сургуулиудын захирлыг Засаг дарга нь томилдгоос боловсролын салбарт улс төр хавтгайрчихсан байна  гэдгийг хүлээн зөвшөөрнө өө. Хамгийн их улстөржсөн, улстөрчид хамгийн их гар дүрсэн салбар боловсролын салбар болсон.

Үүний хохирогч нь бидний үр хүүхэд, Монголын ирээдүй. Тиймээс цаашид боловсролын салбарт нэгдүгээрт, мэргэжлийн томилгоо хийгдэх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байгаа. Мэдлэг ур чадвартай залуус мерит зарчмаар гарч ирдэг тогтолцоо байх ёстой.

Гэнэтхэн хэн нэгний цүнх баригч, эсвэл тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлд засаглаж байгаа намд үйлчилсэн нөхдүүд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч болдог буруу тогтолцоо хэрхэвч байж болохгүй. Боловсролын салбарт намын томилгоо байж болохгүй.

Тухайлбал, ХХААХҮЯ- ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газар 330 суманд байгаа Мал эмнэлгийн газрын даргыг босоо тогтолцоогоор томилдог. Малын эмчийг босоо тогтолцоогоор томилж болоод байхад яагаад 21 аймаг, 330 сум, долоон дүүргийн хэмжээнд байгаа 850 сургууль,

600 орчим цэцэрлэгийн удирдлагыг мэргэжлийн томилгоогоор томилж болохгүй гэж… Боловсролын салбарт улс төрийн, мэргэжлийн бус томилгоо гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг засах ёстой. Энэ тогтолцоог өөрчлөх асуудал Хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын багц хуульд тусгагдсан.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button