ЗөвөлгөөЭрүүл мэнд

А.Туяа: Цагаан сарын дараа нойр булчирхайн өвчлөл ихсэх хандлагатай байдаг

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангаараа ТТАХНЭ-ийн дотрын II тасгийн эрхлэгч А.Туяатай нойр булчирхайн үрэвслийн талаар ярилцлаа. – Нойр булчирхай хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бэ, үүнээс яриагаа эхэлье?– Нойр булчирхай нь ходоодны ард байрлалтай, хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай юм. Гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай.

Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог, уураг, нүүрс ус, өөх тос зэргийг задлах ферментүүдийг ялгаруулна. Өөрөөр хэлбэл, бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тос, нүүрс-ус маань моно сахар, амин хүчил болтлоо задарч энгийн хэлбэрт шилжин нарийн гэдэсний ханаар цус руу шингэж, шимэгдэх үйл ажиллагаа явагдаж биднийг тэжээдэг байна.

Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин ялгардаг юм. Харин хэвийн үйл ажиллагаа алдагдвал хоол боловсрох, шимт бодисын шимэгдэх хэвийн явц алдагддаг бөгөөд архаг үрэвсэл нь чихрийн шижин өвчин үүсгэх шалтгаан болдог.

– Нойр булчирхайн үрэвсэлт өвчнүүд юунаас болж үүсдэг вэ? – Нойр булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг олон эрсдэлт хүчин зүйлс бий. Тухайлбал, цөсний чулуу, архи тамхины хэрэглээ, буруу хооллолт, удамшлын хүчин зүйлс, дархлааны хүчин зүйлс, эмийн хэрэглээ зэрэг багтана. Манай улсын хувьд архи, цөсний чулуу, буруу хооллолт зэрэг шалтгаанууд дийлэнх тохиолдлыг эзэлдэг.

Буруу хооллолт гэдэгт тос өөхний зохисгүй хэрэглээ багтана. Үүнээс гадна нойр булчирхайн архаг үрэвсэл нэгэнт үүссэн байхад сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь өвчнийг даамжруулах хандлагатай болгодог. – Ямар нэг үрэвсэл үүссэн тохиолдолд илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл өгөхгүй юу? – Нойр булчирхайн үрэвслийг цочмог, архаг гэж хоёр ангилна. Цочмог үрэвслийн үед өвдөлт ихэнхдээ гэнэт эхэлж,

аажмаар хүчтэй болдог. Ерөнхийдөө аюулхай орчимд, хэвлийн зүүн дээд хэсгээр байрлалтай өвдөнө. Зарим тохиолдолд нуруу руугаа ороож бүсэлж дамжина.Түүнчлэн хэвлий цардайх, дүүрэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүндэрсэн тохиолдолд амьсгаадах, шээсний гарц багасах, халуурах, артерийн даралт буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Архаг үрэвслийн үед өвдөлтийн хүч харьцангуй бага боловч байнгын эсвэл идэж ууж байгаа зүйлтэй холбоотойгоор үе үе сэдэрдэг. Гадаад шүүрлийн дутагдал буюу суулгах, хүндээр бие засахад тостой гарах шинжүүд илэрнэ. ДЭЭРХ ШИНЖҮҮД НЬ АРХИ УУХ, ТОС ӨӨХТЭЙ ХООЛ ИДЭХ, СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСЭН ҮЕД ТОД АЖИГЛАГДДАГ. ЭНЭ ҮЕД ХҮМҮҮС ДЭГЛЭМ БАРИМТЛАЛГҮЙ, БАЙНГА СУУЛГАСНААС

ТОСОНД УУСДАГ ВИТАМИНУУДЫН ШИМЭГДЭЛТ БУУРЧ ХҮНИЙ БИЕД ТЭДГЭЭР НЬ ДУТАГДАЖ ЭХЭЛДЭГ. ИНГЭСНЭЭР АРЬС ХУУРАЙШИХ, ЖИН БУУРАХ, ҮС ХУМС ХУГАРАМТГАЙ БОЛОХ, ХАРАА МУУДАХ, ЯДРАМТГАЙ БОЛОХ ГЭХ МЭТ ШИНЖҮҮД ИЛЭРДЭГ. – Та буруу хооллолт дийлэнх шалтгааныг эзэлдэг гэлээ. Ямар төрлийн хоол хүнс нойр булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг вэ. Хүмүүс хүнсний хэрэглээндээ

юуг анхаарах вэ? – Дээр хэлснээр хамгийн түрүүнд архи, согтууруулах ундааны хэт их хэрэглээ багасгах хэрэгтэй. Хоол хүнсний хувьд тос өөхтэй хоол хүнс ялангуяа малын гаралтай өөх, шарсан, хуурсан хоол хэт хэрэглэх нь нойр булчирхайг цочроодог. – Баярын дараагаас нойр булчирхайн өвчлөл ихэсдэг гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Энэ нь мөн хооллолттой холбоотой юу? – Манай монголчууд малын гаралтай хоол хүнсийг их хэрэглэдэг онцлогтой. Өөхтэй мах, хорхог, тостой хуушуур зэргээ идээд хойноос нь сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг. ЖИШЭЭ НЬ АЙРГАА УУХ, АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХ ГЭХ МЭТ. ЕР НЬ ЦАГААН САР,

НААМДЫН ДАРАА НОЙР БУЛЧИРХАЙН ӨВЧЛӨЛ ИХСЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ. Хоол, ундыг зөв зохистой хэрэглэх, тос өөхийг хэтрүүлэн хэрэглэхгүй, ургамлын гаралтай хүнсийг түлхүү хэрэглэх нь нойр булчирхайг эрүүл байлгах нэг алхам юм. Мөн архи, согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэж заншвал өвчнөөс хол байх гол арга зам болно.

– Ярилцлагын эхэнд цөсний чулуу нь нойр булчирхайн үрэвсэлд нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр цөсөө ч гэсэн анхаарах хэрэгтэй байх нь? – Нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгааны 40-70% нь цөсний чулуу байдаг. Тэгэхээр цөсний эрүүл байдал нойр булчирхайд бас их хамааралтай юм. Хамгийн түрүүнд хүн өглөө өлөн цөсийг заавал гадагшлуулахын тулд юм идэх хэрэгтэй.

ХҮН ОРОЙ 6-8 ЦАГИЙН ХООРОНД ЮМ ИДЭЭД УНТДАГ ГЭЖ ТООЦОХОД ДУНДЖААР 12 ЦАГ ОРЧИМ ЦӨСНИЙ ХҮҮДИЙ АГШИХГҮЙ ЭЛЭГНЭЭС ЯЛГАРСАН ЦӨС ХҮҮДИЙ  ДОТРОО ХУРИМТЛАГДААД БАЙЖ БАЙДАГ. ХҮН ХООЛ ИДЭХЭД ХОДООДНЫ ШҮҮРЭЛ ЯЛГАРЧ ЭНЭ НЬ ЦӨСНИЙ ХҮҮДИЙГ АГШИХ ГОЛ ШАЛТГААН БОЛНО.

ЯЛАНГУЯА ӨГЛӨӨДӨӨ БАГА ЗЭРГИЙН ТОСЛОГ ЗҮЙЛ ИДЭХЭД ЦӨСНИЙ ХҮҮДИЙН АГШИЛТ САЙЖИРЧ, ЦӨС ӨӨХ ТОСЫГ ЦИЙДМЭГЖҮҮЛЭХ ҮҮРГЭЭ САЙН ГҮЙЦЭТГЭДЭГ. Өглөө цай хоол идэж уухгүй өлөн явж байгаад үд дунд юм уу, үдээс хойш хоол унд идэх нь цөс өтгөрч гадагшилж чадахаа болин, яваандаа цөсний чулуу үүсэх гол шалтгаан болдог гэсэн үг. Эх сурвалж: Зааг.МН

 

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button