Юн Ё Жон Оскарын шагналыг хүртсэн анхны солонгос жүжигчин боллоо
93 дахь удаагийн Оскарын шилдгүүд тодорлоо. Тус наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг өдгөө 73 настай Юн Ё Жон хүртлээ. Тэрээр “Minari” кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын Кино академийн шагналыг хүртэж байгаа нь энэ юм. Гол онцлох зүйл бол Юн Ё Жон Оскарын шагналыг хүртсэн анхны солонгос жүжигчин болж байна.
Тэрээр Оскар авсандаа ихэд гайхсан ч үг хэлэхдээ нэрийг нь хэрхэн зөв хэлэхийг америкчуудад заагаад “Өрсөлдөгч нартаа хэлэхэд өнөөдөр би та нараас илүү азтай байлаа. Энэ кинонд би сайн тоглосон гэхээсээ илүү магадгүй америкчууд та нар солонгос зочиддоо найрсаг хандсан, эелдэг зангаараа надад шагнал өгчихсөн юм биш биз” гэж хошигносон юм. Юн 1975 онд дуучин Жо Ён Намтай гэрлээд замналынхаа ид үед киногоо орхиж байсан. Мөн АНУ-д цагаачилж байв. Харин нөхрөөсөө салаад 1984 онд БНСУ-д эргэн ирж, кинонд дахин тоглож эхэлсэн юм.