Тренд

B.ПУTИH: БAPУУHЫ OPHУУД УMAPД KABKAЗЫH TEPPOPИCTУУДЫГ ДЭMЖИЖ, XOP XУTГАH OXУ-ЫГ ЗАДЛАХ ГЭЖ ОРОЛДСОН

“НАТО 5-ын 5 удаа тэлсэн шүү… Одоо болно” хэмээн Путин 2021 оны 12 сард барууны сурвалжлагчийн асуултанд хариулахдаа хэлж байжээ. Түүний ярилцлагын дэлгэрэнгүйг эргэн сануулъя.  В.Путин “Манай цаашдын үйлдэл хэлэлцээрээс шалтгаална. Орост өнөөдөр болон ирээдүйд нь нөхцөл тавиагүй баталгаа өгөх ёстой.

НАТО зүүн зүг тэлж болохгүй гэсэн бодлоо бид хоёрдмол утгагүй маш тодорхой илэрхийлсэн. Энд ойлгож ядаад байх зүйл байхгүй. Бид ямар пуужингаа АНУ-ын хил дээр аваачаад тавьчихсан байна уу? Үгүй. Харин АНУ өөрсдөө пуужингаа манай гэрийн үүдэнд, босгон дээр аваад ирсэн байна. Ийм байхад, манай гэрийн үүдэнд битгий зэвсэг агсаад зогсоод бай гэж хэлэх нь тийм байж боломгүй шаардлага уу?

Бид хэрэв Мексикт пуужин аваачаад байрлуулчихвал АНУ яах вэ? АНУ-Мексик хоёр өмнө нь огт хилийн маргаангүй байсан уу? Өмнө нь Калифорни хаанахын газар нутаг байсан бэ? Техас бас? Та нар энийгээ мартчихсан уу? За яах вэ, хэн ч санахгүй байгаа юм байж. Тэгвэл бид ч бас Украиныг энэ тэр байгуулсан гэж нэг их хэлэхгүй л байгаа байх шүү.

Хэн Украиныг байгуулсын ингэхэд? Владимир Ильич Ленин. ЗХУ-ыг байгуулах үедээ. 1922 оны гэрээгээр. 1924 онд үндсэн хуулиар батласан. За яах вэ, түүхийг мартъя гэхэд одоо гол асуудал аюулгүй байдал байна. Бидэнд одоо хий хоосон яриа хэлэлцээр хэрэггүй. Бидэнд гарт баригдах үр дүн хэрэгтэй байна. Би өмнө нь өчнөөн удаа хэлсэн. Та нар ч мэдэж байгаа.

Зүүн тийш ганц ямх ч тэлэхгүй гэж та нар 1990 онд бидэнд хэлсэн. Тэгсэн яасан? Хулхидсан. Улаан цайм биднийг мурьсан. НАТО таван удаагийн давалгаагаар тэлсэн. Үүнээс болоод одоо Румынь, Польшид НАТО-гийн пуужингууд байрлаж байна. Бид энэ талаар л яриад байна. Энийг та нар ойлгох ёстой.

Бид хэнийг ч заналхийлээгүй. Бид ямар АНУ-ын хил дээр оччихсон байна уу? Аль эсвэл Их Британийн хилийн гадна оччихоо юу? Өөрсдөө бидэн дээр ирээд байна. Тэгснээ бас: ‘Үгүй, одоо Украин НАТО-д элсэнэ’ гэж ярьж байна. Тэгэх юм бол Украинд мөн пуужин, цохилтын зэвсгүүд ирж байрлах болно. Энэ л АСУУДАЛ ҮҮСГЭЖ байна.

Тэгтэл та нар надаас баталгаа нэхэх юм. Би биш харин та нар надад баталгаа өгөх ёстой. Нэн даруй! Одоо. Түүнээс биш энэ талаар дахиад хэдэн арван жил ярих ёсгүй. Таны хоёр дахь асуулт юу гэлээ? Сурв: “Барууныхан юуг ойлгохгүй байна гэж та үзэж байна вэ?” Путин: Тэд юу ойлгохгүй байна гэж үү. Заримдаа бид огт өөр ертөнц дээр амьдарч байгаа юм шиг надад санагдах юм.

Би та нарт маш ойлгомжтой, энгийн юм ярьж байна. Яагаад та нар үүнийг ойлгодоггүй юм бэ? Барууныхан та нар тэлэхгүй гэж хэлсэн. Тэгснээ тэлж байна. Олон улсын гэрээ бүгдэд хамаатай, бүгд ижил байна гэдэг мөртлөө тэр нь аюулгүй байдалд нь хамаардаггүй.

Нэг түүх ярьж өгөх үү. 1918 онд АНУ-ын ерөнхийлөгч Вүдро Вилсоны зөвлөх нь түүнд “Өнөөгийн нүсэр том Орос гүрэн байхгүй л болчихвол бүх дэлхий амар амгалан болно. Үүний тулд Сибирийн хэсгийг нь нэг улс, Европын хэсгийг нь 4 улс болгоод Оросыг задлах хэрэгтэй” гэж зөвлөж байжээ.

1991 онд манай улс 12 хэсэг болон задарсан. Тэгсэн ч гэсэн Орос улс манай барууны түншүүдэд том хэвээр санагдаад байгаа бололтой. Учир нь Европчууд өөрсдөө жижиг улс болоод задарчихсан байгаа юм. Том гүрнүүд биш харин 60-80 сая хүнтэй жижиг улсууд болсон.

Тэгтэл ЗХУ задарсны дараа хүртэл Орос улс 146 сая хүнтэй үлдсэн. Энэ нь хүртэл тэдэнд их санагдаад байгаа бололтой. Чухам үүнээс болоод л та нар Орос улсад цаг ямагт шахалт үзүүлж байна гэж би харж байна. 1990-ээд онд ямар байсан гээч. Орос улс баруунтай, АНУ-тай аятайхан харилцаатай байхын тулд чадах бүхнээ хийсэн.

Америкийн тусгай албаныхан манай цөмийн үйлдвэр, цэргийн үйлдвэрүүд дээр ажиллаж, өдөр бүр орж гарч, амьдарсан. Үй олон гадны зөвлөх, ТТГ-ын ажилтан Оросын засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан. Түүнээс илүү та нарыг яах юм бэ? Өөр юу хэрэгтэй юм бэ? Яах гэж барууны орнууд Умард Кавказын teppopиcтуудыг дэмжиж хор хутгасын?

Teppopиcтуудыг ашиглаж ОХУ-ыг задлах гэж оролдоо биз дээ? Барууныхан тийм зүйл хийсэншд. Би УАХБ-ын (ФСБ) дарга байсан хүний хувьд үүнийг сайн мэднэ. Хоёр талд ажилладаг манай нууц ажилтнууд тэгэхэд тэнд нь байсан юм. Тэд маань барууны тагнуулын албад тэдэнд ямар даалгавар өгч байгаа талаар бидэнд тайлан ирүүлдэг байсан. Тэгэх хэрэг юу байсан юм бэ?

Харин ч эсрэгээр нь Орос улсыг найзаа гэж үзэн харилцаагаа сайжруулах ёстой байсан юм биш үү? Гэвч та нар бүгдийг эсрэгээр нь хийсэн. Оросыг улам унагахыг чармайсан. Тэгснээ дараа нь НАТО-г дорно зүг тэлж эхэлсэн. Тэгэхээр нь мэдээж бид хэлнэш дээ:

Яаж байгаа юм бэ, та нар тэлэхгүй гэж бидэнд амласан биз дээ гэж. Тэгсэн барууныхан: хаана бид тэлэхгүй гэж гарын үсэг зурсан юм бэ? Зураагүй, тийм гэрээ байгуулаагүй гэсэн. Тэгээд л, та нарын санаа зовж, түгшихийг чөтгөр аваг, хэнд ч хамаагүй гээд нулимсан. Тэгээд л жил ирэх тусам тэлсэн.

Жил болгон л бид дургүйцлээ илэрхийлдэг. Санаа зовж буйгаа илэрхийлэхэд тэд өөдөөс үгүй гэдэг. “Түгшиж, санаа зовох чинь хэнд ч хамаагүй. Бид шаардлагатай гэж үзсэнээ хийнэ л гэдэг.” Нэг, хоёр, гурав, дөрөв, тав. Таван удаагийн давалгаагаар НАТО тэлсэн. Үүний одоо юу нь ойлгогдохгүй байна. Харин ч миний бодлоор бүх зүйл маш ойлгомжтой байна. Бид аюулгүй байдлаа хангахыг хүсэж байна” гэв.

В.ПУТИН:УКPАИHЫ УДИPДЛAГA ХҮH AMЫH AШИГ CОHИPХЛЫГ YЛ TООMCОPЛОЖ, TЭДHИЙГ AMЬД БAMБAЙ БOЛГOH AШИГЛAЖ БAЙHA 

Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу хатуу үргэлжилж, бүх ажил шийдэгдэж байна гэж Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 3-нд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй уулзахдаа мэдэгдэв. ОХУ-ын Зэвсэгт хүчин энгийн иргэдийг хохироохгүй байхыг хичээж байгаа ч ХАРИН Киев энэ талаар эсрэг байна гэж төрийн тэргүүн тэмдэглэв.

Украины удирдлага хүн амын ашиг сонирхлыг үл тоомсорлож, тэднийг амьд бамбай болгон ашиглаж байна. Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Владимир Путин Оросын цэрэг, офицерууд өөрсдийн зөв гэдгээ бүрэн ухамсарлаж, үүргээ биелүүлэн ажиллаж байна гэж мэдэгджээ. Тэрээр Донецкийн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй 100-р мотобуудлагын бригадын бие бүрэлдэхүүнийг  онцлон тэмдэглэв.

Тэрээр хэлэхдээ, “Волноваха мужид хурандаа Алексей Борисович Бернхардын удирдлаган дор байлдагч нар бараг найман жилийн турш үндсэрхэг үзэлтнүүдийн бэхжүүлж, тоноглож байсан хамгаалалтыг гүн гүнзгий нэвтэрсэн” гэжээ. Харуулын танкийн салаан дарга дэслэгч Виктор Сокольник тулалдаанд таван танк устгасан.

2-р сарын 25-нд Чугинка мужид 163-р танкийн дэглэмийн ротын командлагч, ахмад Алексей Левкин 15 танк, 6 явган цэргийн байлдааны машинтай үндсэрхэг хүчний ангиудтай тулгарчээ. Дайсан руу дайчидтайгаа довтолж, ахмад Левкин бүх явган цэргийн байлдааны машин, таван танкийг устгаж, байлдааны даалгаврыг биелүүлсэн.

Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд 7,4 сая рублийн нөхөн олговор олгохоор болжээ. Үүнээс гадна тэд 5 сая рублийн нэмэлт төлбөр авах болно. Мөн ажиллагааны үеэр шархадсан бүх цэргийн албан хаагчид зохих төлбөрийг авах болно” гэж мэдэгджээ. Хэрэв гэрээгээр алба хааж байсан цэргийн албан хаагч шархадсан бол түүнд 2 сая 968 мянган рублийн нөхөн олговор олгоно.

Гэмтсэн Батлан хамгаалах яам болон бусад хууль сахиулах байгууллагын цэргийн албан хаагчид 3 сая орчим рублийг хүлээн авна. Мөн Ерөнхийлөгч 7-р дивизийн 247-р десантын десантын полкийн взводын командлагч Нурмагомед Гаджимагомедовыг нас барсны дараа ОХУ-ын баатар цолоор олгох зарлигт гарын үсэг зурсан байна.

Аль хэдийн хүнд шархадсан ахлах дэслэгч эцсийн мөч хүртэл тулалдаж, дайснаа гранатаар дэлбэлж, өөрөө нас баржээ. Оросын бүх үндэстнийг жагсаах боломжгүй ч бид энэ дэлхийн нэг хэсэг, Оросын хүчирхэг, үндэстэн дамнасан ертөнцийн нэг хэсэг гэдгээрээ бахархаж байна. Үүний зэрэгцээ Орос, Украинчууд нэг ард түмэн хэвээр байна гэж Владимир Путин онцолжээ.

Хүмүүнлэгийн коридор зурвас. Оросын зэвсэгт хүчин Украины энгийн иргэдийг хохироохоос урьдчилан сэргийлэхийг хичээж байна гэж Ерөнхийлөгч мэдэгдэв. Гэвч түүний хэлснээр Украины тал энгийн иргэдийг амьд бамбай болгож байна. Олон зуун гадаадын иргэд дайны бүсийг орхин гарахыг оролдож байгаа ч тэднийг барьцаалж байна гэж Владимир Путин мэдэгдэв.

Украинд Харьковын галт тэрэгний буудал дээр Энэтхэгийн 3 мянга орчим иргэнийг нэг хоног гаруй байлгасны ихэнх нь оюутнууд байсан тухай жишээ татав. Зарим нь өнөөг хүртэл тэндээ байгаа. “Нео-нацистууд мөн Харьковыг орхих гэж байсан хятад оюутнууд руу гал нээсэн.

Тэдний хоёр нь шархадсан” гэж тэр нэмж хэлэв. Үндсэрхэг үзэлтэй, неонацист бүлэглэлүүд, тэдний дунд гадаадын хөлсний цэргүүд, тэр дундаа Ойрхи Дорнодын цэргүүд энгийн иргэдийн ард амьд бамбай болон нуугдаж байна.

Хотуудын суурьшлын бүсэд цэргийн хүнд техникийг хэрхэн байрлуулж байгаа тухай бодитой мэдээлэл, гэрэл зураг бий гэж би аль хэдийн хэлсэн” гэж төрийн тэргүүн хэлэв. Цэргийн алба хаагчид мөргөлдөөн гарсан бүх бүсэд коридор гаргаж, тээврийн хэрэгслээр хангаснаар энгийн иргэд аюулгүй газар очих боломжтой болсон гэж Ерөнхийлөгч хэлсэн байна

ХӨӨРГӨӨ TАС АTГАДAГ ГAРААРAA ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭЧ, ААВУУД АА 

Дэлхий хэмээх цэнхэр гараг дээр 7 тэрбум хүн амьдардаг юм гэнэ лээ. Орон орны хүмүүс байтугай орцон дахь хажуу айлаа ч таньдаггүй, тухтайхан хоёр үг солихыг хойш тавьдаг хачин хөгийн цаг үед бид амьдарч байна. Монголчууд 20 гаруй жилийн өмнө нийгмийн нэг тогтолцооноос нөгөө рүү шилжихдээ эд хөрөнгийн гарз огтхон ч гаргаагүй.

Харин бусдыг хүндэтгэх, энэрч хайрлах, байгаадаа сэтгэл ханаж цээж тэнэгэр амьдрах, шуналын тэчъяалыг дарах гээд олон сайхан чанаруудаа гээж орхисон бололтой. Гудамж талбай, албан байгууллага, өргөн чөлөө, өндөр байшингуудад хүмүүсийн биеийн урсгал зүү орох зайгүй битүү байх авч дотоод мөн чанарын хувьд хоосрон эзгүйрчээ.

Монголчууд юугаар баян юм бэ. Өнөөдрийн байдлаар бол хийрхэл, хэлбэрдэлт, аргацаасан арчаагүй зан, зусардалт, хууран мэхлэлт, муу нь муугаа дээрэлхдэг явдал, урвалт шарвалт, хоноцын сэтгэлээр л баян болчихож.

Энэ бүхний оройд нь зарим эрчүүд тоос манаргаж явах нь юутай гутамшиг. Амьдардаг байшин, ажлын өрөө, унадаг машин, өмсдөг дээл, өвөртөлдөг хөөрөг, зүүдэг цаг, барьдаг цүнх, ярьдаг утас бүгд том болсон. Ялангуяа монгол эрчүүдийнх жил ирэх тусам томорсоор л байгаа.

Харин хүн чанар, жудаг ёс, хайрлаж энэрэх сэтгэл, холч ухаан томорсонгүй, тэлсэнгүй. Өөрөө юу ч бүтээхгүй хэрнээ бусдын босгосон бүхэнд хорсч, бачуурч амьдрагсад яасан олон болоо вэ. Хорвоо дэлхий хэдий уужим ч хүнд эх орон нь ганц, хүн төрөл нэг л олддог.

Охинтой хүн орчлонд жаргадаг байтал нялх нялзрай үрээ араатнаас ч дор тамлаж суудаг эрчүүд бидний дунд амьдарч байна. Бусдын дунд байхдаа гөлөг шиг харц дальдрах ийм муу эрчүүд гэрийнхээ хаалганы цаана арслан барс шиг авирлаж, үр хүүхдийнхээ амийг тасалж байгаа нь юутай эмгэнэл вэ.

Зүрх зүсэгдэж, яс шархирч байна. Аав болно гэдэг чинь аз жаргалын дээд биш болчихсон юм гэж үү. Хүүхдээс чинь том хөөрөг гэж байдаггүй юм. Үнэтэй хөөргөө хөлөртөл атгадаг гараараа үрээ энхрийлэн тэврээч, аавууд аа. Чин сэтгэлээсээ гуйя…    2015 он Б.Түвшинтөгс

ВЬЕТНАМААС НУТАГТАА ГҮЙЖ ИРСЭН МОНГОЛ АЗАPГАHЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ… 

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас 1960 онд цэргийн албанд ирж Улаанбаатар хотын Улаанхуаранд хурандаа Жамган захирагчтай мото буудлагын хорооны бага даргын ротод алба хааж байсан Сангидоржийн Халзан гуайн ротыг 1961 оны намар гэнэт түргэний дохиогоор сэрээн жагсаажээ.

Төдөлгүй дарга нар ирж тус хорооноос 300 орчим цэргийг ялган гаргаж үнэмлэх бичиг шийтгэж олгон монгол дээл өмсгөн төмөр замын буудал дээр авч ирээд Вьетнам уруу бэлгэнд явуулж байгаа адуу хүргэх тушаал өгчээ.

Арваад вагонд дүүрэн адуу ачсан байх бөгөөд нэг вагонд дунджаар дөч тавиад адуутай. Вагон бүрт 7-8 цэрэг хуваарилагдан өвс усыг нь өгч 7 хоног явахад Халзан гуайн хариуцсан вагонд аргагүй л нүдэнд туссан хур дэлтэй, урт сайхан сүүлтэй, тэгш дүүрэн хондлойтой, өндөр сайхан хүрэн халзан морь явсан.

Харин нөгөө вагонд нэг сайхан хар хүрэн азрага явна гэж цэргүүд ярилцаж байлаа. Тэр хоёр морийг цэргүүд шагшин магтаж хайрлан өрөвдөж моринд хайртай буриад цэрэг Төгсөө гэдэг ийм сайхан амьтдыг юунд ингэж хүний нутаг руу явуулж байдаг юм болдоо гэмээн нулимс унагаж байсан гэдэг.

Тэр хоёр морь вагон дотор хажуу дахь морьдоо хазаж хайрч тас тангаран амьтан хүн ойртуулахгүй уурсан догширч байсан бөгөөд тэдэнд өвс тэжээл өгөхөд хаалгаар өгөх аргагүй тул цонхоор л өвс тэжээл хүрздэн өгч явсан ажээ.

Ингээд эцсийн зогсоол дээр ирэхэд Вьетнамчууд морьд хүлээн авахад бэлтгээд төмөр замын буудлыг өндөр хашаа барьж битүү торлон хамгаалаад буудал дээр буусан адууг шууд тэр торон хашаанд оруулаад цааш нарийн хоолойгоор дамжуулан авахаар тохируулан бэлтгэсэн байжээ.

Буудал дээр ирээд морьд буулгахаар вагоны хаалга нээхэд нөгөө хээр азрага, хүрэн халзан морь хоёр хамгийн түрүүн үсрэн буугаад хээр азрага хамраараа салхи татан хэд хүчтэй агаар сорон үнэрлэснээ тэр өндөр торон хашаан дээгүүр хүрэн халзан морьтой хоёулаа харайн гараад тэр их битүү ой шугуй руу шурган алга болжээ.

Хүмүүс хойноос нь хөөцөлдөөд хүрэн халзан морийг нь барьж ирсэн боловч хар хүрэн азаргыг нь барьж чадалгүй алдчихсан гэдэг. Гэтэл 1961 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас тусламжийн агтанд явуулсан адуунаас нэг хар хүрэн азарга 1963 онд нутагтаа гүйж ирсэн нь монгол түмнийг бишрээсэн хайрлам үйл явдал болж билээ.

Уг морины эзэн адуучин эр нэг өглөө адуугаа хураахаар хүрээд иртэл адууны захад нэг сарлагийн тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байж гэнэ. Яваад очвол 3 жилийн өмнө вьетнамын дайнд илгээсэн өөрийнх нь хар хүрэн азрага ижлийнхээ дэргэд ирчихсэн хэвтэж байж.

Хамаг бие нь шарх сорви болсны дээр эцэж тураад арьс яс болсон амьтан эзнээ дөхөн очиход толгойгоо өргөн үүрсэж байсан гэдэг. Эзэн нь үүнийг үзээд өөрийн эрхгүй бууж толгойг нь тэвэрч аван уйлж байжээ. Ёстой тураг шувуу нисэж үл хүрэм туурайт хүлэг туулж үл барам тэр хол газраас олон ус мөрөн гатлан, олон улс гүрний хил давж, замын хүнд баригдан тушигдан хүлэгдэж

чоно нохойд хөөгдөн шарх сорви олсон ч зөвхөн нутагтаа гүйж ирж чаддаг чанар гагцхүү гайхамшигт монгол адуунд л байдаг байна. Энэхүү азаргыг тухайн үеийн Улаанбаатар хотын захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууландаа дархлан тавьсан билээ.

БҮҮ ЁРЛО, ЁР ИРНЭ

Энэхүү цээр нь эдүгээ утгаа бүрэн алджээ. Боссон ч суусан ч, хэвтсэн ч амарсан ч бүүр идсэн ч уусан ч, “ёоёо оо”, “яаяа аа” хэмээн орь дуу тавих бид ер яана вэ? Бидний багад ингэж хэлэхээр ээж минь “Муу ёртой, муу амтай. Мууг дуудвал заяа гундана” гэж сургаж, үг эс авбал “шанагадуулах” бол энүүхэнд байж.

Гэтэл одоо хувь хүмүн байтухай зурагт телевизээр “Ёо оо ёо-ажиллагаа”, “Ёо ёо-г анагаахуй”, “Ёо ёо-тоглоом” гэх ёрын шоу цэнгээнүүд утгаараа түгжээ. “ЁО” гэх үг бол өвчин зовуурь болон яс хугарч, мах тасрах үед амнаас өөрийн мэдэлгүй гарах үг байж болох ч биеийн хэм энергийг ихэд алдагдуулж, холоо явсан өвчин зовлон, хар муу гайг өөртөө соронз мэт татдаг ёрын муу үг.

Нялх балчир ч “ёо оо” гэж хэлд орж байна. ”Ална шүү” гэж анх амлаж бна.. тэнгэр минь , яана, одоо. Уул нь 14-с дээш насанд үг болоод үйлийн үрийг өөртөө хураадаг тул ”Зөв яв, зөв амьдар” гэдэгсэн. Ийм багаасаа мууг өөртөө урин дуудсан хүүхдийн заяа тэгш байх уу? Ирээдүйн үрсийн заяа гундаад ирэхээр эцэг эх бид санаа амар байж чадах уу? Тиймд томчууд бид ч хэл амаа хичээхсэн…

Харин өвгөд дээдэс маань хэмээ түгжин ёхолдог “ЁХОЛДОГ” байж: Учир нь “О” авиа зүрхэн хүрдтэй холбоотой. Сэтгэл хөдлөлөө дарах, түгжих, хаахад энэ хүрд гэмтдэг. Гэдэс цатгалан бол баярламаар ч бид: “ёоё, аймаар гоё цадлаа” гэх. Таатай, тааламжтай өег байдлыг шалдаа унатал доройтуулж байна биш үү ?

Амрахад биеийн тух ханах атал эсрэгээр “ёо оо, сайхан амарлаа” гэх нь юуг илэрхийлж, ямар хохирол дагуулна вэ? Зүрхэн хүрдээ гэмтээж, заяагаа гундаахдаа огт санаа зовохгүй байгаа маань өөрөө ГЭМТЭЛ! Эгшиг авиаг хэлэхэд уушгины хий чөлөөтэй гарах тул ёр үгийг давтан давтан хэлэхэд эрчимээ алддаг.

Харин “ЁХ” гэхэд гарах авиа хоолойд түгжигдсэнээр хэмийг цацраах биш түгждэгт өвгөдийн ухаан оршино. Тэд олон дээд сургууль төгсөөгүй ч “Ёо-г дуудахад ёр ирнэ. Ёрыг ёс-оор хаана. Ёсыг удамшуулах нь миний үүрэг” гэдгийг мэддэг, үйлддэг байснаараа “философичид” “арга зүйчид” байж дээ. Агуу зүйл энгийнээс эхтээй гэж…

Тэгэхээр аль болох билигт сайн үгийг хэлбэл сайн сайхан ирнэ гэх Монгол ухаанаас үүдэлтэйгээр махан бие, сэтгэл биеийн тух ханах нь. Үүнийг хүн бүр мэддэг ч “Үнэнийг мэдээд ухаарахгүй бол ухаан байгаад яанам” гэх үгийн Ул-ыг гартал бодмоор санагдав. Үгэнд хуумгай бүү хандагтун! Үг амьтай!   /Намнансүрэн/

Үхэл амьдрал, өмч хөрөнгийн талаарх Монгол сэтгэлгээ: Бидэнд өвөг дээдсийн маань туурвисан ном судар бас чиг арвин үлдэж. Гэвч ном сударт хэрхэн амьдрахыг ягштал заасан онол, сургаал голдуу үлдсэн болохоос чухам жирийн Монголчууд юу бодож, хэрхэн сэтгэдэг байсныг бас тодорхой уншаад хэлчихэд амаргүй.

Ард түмний ийм сэтгэлгээ харин тухайн үед гадаадаас жуулчлан ирж байсан аялагчдын тэмдэглэлд үлдэх нь бий. Идэж уухын төлөөх өрсөлдөөн гаарч, өмч хөрөнгө цуглуулах гэж үхэн хатталаа зүтгэх, байгаль дэлхий, байшин барилга, бүхнийг хувьдаа авах гэж амьд явахуйн утга учрыг умартан улайрах энэ цаг үед өвөг дээдсийнхээ ертөнцийг үзэх үзлийг эргэн нэг харчихад гэмгүй мэт.

Нам нам л гэнэ, нам тэгээд амьдралын үнэн мөн үү? Ашигтай газрыг эрх мэдэлтнүүд авлаа л гэнэ, аваад хойт нас руугаа явах уу? Энэ талаар жирийн монгол ардууд ямар үзэл баримтлалтай байсан юм бол? Монголчуудын дунд “Билигтү багши” хэмээн алдаршсан Финландын нэрт Монголч эрдэмтэн Рамстедтын аяллын тэмдэглэлээс хариуг нь хамтдаа хайгаад үзье.

Рамстедтын тухай товчхон: Агуу Монголч эрдэмтэн, Алтай хэл шинжлэлийг шинэ шатанд гаргагч Густав Йон Рамстедт 1873 оны 10 сарын 22-ны өдөр, Финландын Таммисаари хотноо мэндэлжээ. Анх Ижил мөрний хөвөөгөөр аялж, черемис нарын хэл аялгууг судалсан боловч удалгүй Монгол судлалд татагдан, Монголд хэд хэдэн удаа, удаан хугацаагаар амьдарсан юм.

Энэ хугацаандаа Монгол хэл аялгууг жинхэнэ түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн үүднээс судалсан нь өмнөх эрдэмтдийн бүтээлүүдээс хувь илүү, шинжлэх ухааны шинэ шатанд үсэргэсэн ажил болжээ. Рамстедт Хүрээнд олон жил сууж, халх аялгууг сайтар судалсан дээрээ Халимаг, Шинжаан явж ойрад аялгууг мөн анх удаа шинжлэх ухааны өндөр дээд түвшинд судалж, нарийн галиг сэлтийг үйлдсэн юм.

Мөн тэрбээр Афганистанд Монголчууд байгааг анх баталж, хоёр Монгол хүнийг сурвалжлан олж, хэл яриаг нь судлан, шинжлэх ухааны эргэлтэд оруулсан хүн билээ. Энэ мэтчилэнгээр Рамстедтийн Алтай болон Монгол судлалд анхдагч болсон үйлс бүрийг тоочиж барамгүй.

Финланд улс Оросоос тусгаар тогтномогцоо дорно дахины хамгийн чухал улсуудад суух элчин төлөөлөгчөө хэмээн чухам эрдэмтэн Рамстедтийг сонгосон байдаг. Тиймээс Рамстедт 1919 -1929 оны хооронд Япон, Солонгос, Сиам (одоогийн Тайланд) улсуудад эх орноо төлөөлөн суусан байна.

Рамстедт Европын бүхий л том хэлнүүдээс гадна фин-угр, Монгол, түрэг, түнгүүс, солонгос, самгарди, япон, эсперанто хэлээр чөлөөтэй ярьж бичдэг байжээ. Рамстедтын Монголд хэчнээн хайртай байсныг үр хүүхдүүдийнх нь нэрс батална. Сэдхил, Элма Цэцэг, Майдар гэж охидтой, Билгэ, Алдар, Эрдэм гэж хөвгүүдтэй айл. Финланд хүний хүүхдүүд гэж байгаа шүү дээ.

Байшингаа аваад хойт нас руугаа явахгүй хэмээх Монгол ухаан. Рамстедт Монголд анх 1898 онд ирсэн юм. Эрдэмт тэр хүмүүнтэй Монгол лам нар ном их хаялцдаг байж. Эсгий гэрт энгийн амьдрахын ухаанаа тэд Рамстедтэд -ийн ойлгуулсан байдаг. Тэмдэглэлээс нь эш татсу.

“… Монгол лам нартай миний бие хоосон чанар, ертөнцийн утга учрын талаар ном хаялцсаар бүр дассан байлаа. Тэд надаас үргэлжид ирээдүй гэж оршдог эсэхийг, бидний харж, сонсож, мэдэрч буй бүхэн үнэхээр бодит оршихуй юу, эсвэл оюун санаандаа сэрэл мэдрэхүйгээрээ бидний бүрэлдүүлсэн хуурамч дүр (матрикс) зураг уу гэдгийг асууна.

Нутагтаа намайг эсгий гэр, модон байшин хоёрын алинд нь суудаг вэ хэмээн асуухад нь манай нутгийнхан чулуун байшинд амьдардаг юм аа гэхэд үнэхээр гайхаж билээ. Эсгий гэр бол цас, шороон шуурга хийгээд нүүдлийн аясыг бодвол гурван жилийн настай сууц. Модон байшин харин хүний нэг насны амьдралд хангалттай, өнөө үед ч, тэр үед ч ялгаагүй бараг зуугаад жил болохуйц оромж.

Харин чулуун байшингийн хувьд Монголчуудын тун зөв тооцоолсноор олон зуун жил байсаар байх эд билээ. Тиймээс Монгол лам нар надаас танай нутгийнхан ер нь хэд насалдаг юм бэ хэмээн асууж байна. Жараас ная хүрдэг гэвэл бүр мэл гайхаж, цэл хөхөрч орхив. Ямар тэнэг нь тийм цөөхөн наслахын хооронд тийм удаан орших гэр барьдаг байна аа?

Хүн гээч амьтан энэ ертөнцөд үүрд оршин суух хэрэг ч үгүй, чадах ч үгүй гэдгээ мэдэхгүй юу? “Бидний одоогийн амьдрал бол хойт насандаа хүрэх шилжилт, буудал төдий л юм. Энэ ертөнц гэдэг ердөө зовлон шаналлыг давж сурах юм шүү дээ” хэмээн Монголчууд сургадаг. Тиймээс энэ насныхаа амьдралд хүн гээч өөртөө тансаг сайхан оромж барих ямар ч хэрэггүй хэмээнэ…”

Газар дэлхийг хэний ч өмч биш хэмээх Монгол ухаан. Зөвхөн эрдэм мэдлэгтэй лам нартай ч биш, энгийн сайхан харчуудтай бас Рамстедт нөхөрлөн, үзэл бодлыг нь сонсдог байж. Нэг удаад ийм яриа өрнөсөн байдаг. “ … Хөдөө хээр, хар хүмүүстэй сайхан нөхөрлөж, ярилцав.

Тэд юмны учир сайн ойлгодог, аливаад үнэнээсээ ханддаг улс. Ханд вангийн хийдийг орхин, Орхон голын хөвөөгөөр өмнөд этгээдийг чиглэн явахад минь настайчууд байнга ирж, шөнө ч үл унтуулна. “Одоо ахиад өөр юм ярьж өгөөч” хэмээн шалгаана. Маргааш нь өмнө үүх түүх хэлэлцэж асан өөр нэг танил хөгшин маань хүрээд ирчихсэн, шалгааж суух.

Нэг удаа надтай нэн олон адуу, хэдэн арван тэмээтэй хөгшин таарч, нутаг орноор нь хүнд хэцүү аялал хийж буйд Монголчуудынхаа өмнөөс талархав. Тэгээд хэн нэг тайж, эсвэл өөр хүн хариу айлчлал хийнэ гэдэгт итгэж байгаагаа хэлж байна. Хэн ч тийм юм амлаагүй гэдгийг сонсоод өөрөө тэгвэл яваад очьё гэлээ…”

Рамстедтай таарсан энэ хөгшин мундаг дипломат бодлоготой өвгөн байж дээ. Хариу айлчлал заавал хийх ёстой, болохгүй бол өөрөө ч хамаагүй очъё гэж байсан нь жинхэнэ “Ардын элч” болохыг нь харуулна. Цааш нь Рамстедтын бичсэн нь:

“… Тэгээд манай нутагт хүрээд буцаж ирэхэд нийтдээ хэчнээн адуу хэрэг болохыг лавлаж байна. Мориор хүрэх боломжгүйг хэлбэл “Яагаад болохгүй гэж? Танай манай улсын хооронд айхтар том элсэн цөл байгаа хэрэг үү? Адуунд хүрэлцэхүйц өвс ногоо байхгүй юм бол би тэмээгээр яваад очъё” гэнэ.

Өвс ногоо бол хангалттай, гэвч баруунд зүлэг ногоо бүхий газрыг тухайн нутагт оршин суугчид нь эзэмшдэг болохыг би хэлэв. Миний яриаг сонсож байсан бүгд гайхан алмайрч, барууныхан өвс ногоо иддэг хэрэг үү хэмээн асууж байна. Өөрсдөө биш харин малдаа зориулж хадлан бэлддэг тухай ярихад Монголчууд газар дэлхийг хэн нэг хувь хүн эзэмшинэ гэдгийг яагаад ч хүлээн авахгүй байлаа.

Би газрыг худалдан авдаг гэдгийг хэлэх хэрэгтэй болов. Үүнийг сонсоод өнөөдүүл маань бүр гайхан алмайрч, хэрхэн худалдан авдаг талаар асууж байна. Тэдний үзлээр бол хүн юмыг худалдан авна гэдэг нь, эд юм ч бай, мал амьтан ч бай, өөртөө аваад явахыг хэлнэ гэх.

“Газар нутгийг чи чирээд явж чадахгүйгээс хойш худалдан авна гэж байхгүй” хэмээн Монголчууд мэтгэнэ. Тэгээд газрын худалдааг хэрхэн зохицуулдгийг шалсаар байж надаар яриулж авав. Гэрээ хийх ёстой, өөрөөр хэлбэл баримт бичиг бүрдүүлнэ гэхийг маань сонсоод хөх инээд нь хүрч байлаа.

Хятадууд бичиг баримтаар бүх зүйлийг үйлдэж чаддаг, аль хэдийн нас барсан хүүгээ хүртэл хүнтэй гэрлүүлж, хамаатан болдгийг бол сонссон, харин газар нутгийг зарна, нэг нь мөнгө, нөгөө нь баримт бичиг аваад болчихно гэдэг Монголчуудад үнэхээр утгагүй сонстож байв.

Нэг Монгол үсрэн босоод тэнгэрт мандсан сарыг зааснаа “За чи тэр сарыг худалдаад авчих. Би чамд бичиг баримт үйлдээд өгье, хариуд нь чи харин надад мөнгө өгөөрэй” хэмээн шоолов…” гэжээ. Нээрээ л үдлээд буцах энэ хорвоод бид сарыг ч хувьчлаад авчихмаар аяглан, соёл, боловсролоороо биш, үр хүүхдэдээ үлдээх эрдэм мэдлэгээр биш,

эд хөрөнгө, машин тэргээрээ өрсөлдөх болсон нь, материаллаг ертөнцийг ингэтлээ шүтэх болсон нь харьцангуй саяхнаас бүрэлдэн тогтсон ааш авир бололтой. Лавтайяа хоцрогдсон феодализм хэмээн хочлон нэрийддэг байсан тэр үедээ Монголчууд харин ч амгалан байж.

Ядуудаа гэр бариад суудаг биш, яах гэж энэ түр зуурын хорвоод үүрд мөнхийн оромж босгох сон билээ гэсэн гүн ухаанч үзэлтэй, тэр үзлийнхээ ч дагуу амар жимэр, атаа жөтөөгүй амьдардаг байсан нь илт. Нийтлэлээ Рамстедттай үзэл бодлоо хуваалцан нөхөрлөсөн өөр нэг Монгол хөгшний үгээр өндөрлөе. 1889 онд болсон яриа.

Диваажин, там хэмээх ойлголт, олон шашны ялгаа, адил талын тухайд удтал ярилцсаны эцэст насан өндөр тэр хөгшин гадаадын мөнөөх номтой залууг ихэд үнэлж, диваажинд очоод үгүйлэн санах болно, хаалган дээр нь хүлээн сууя хэмээсэн аж. Рамстедт тэгэхэд дөнгөж хорин зургаатай байлаа. Өвгөн харин “Зүгээр ээ, диваажинд хүлээнэ гээч юу ч биш.

Учир нь тэнд цаг хугацаа гэж байхгүй. Чи харин хүү минь, хүн шиг зөв амьдарч, сайн үйлээр замнаарай. Тэгвэл диваажинд хоёулаа уулзана аа” хэмээгээд салсан гэнэ. Цаг хугацаа, зөв амьдралын тухай гайхамшигтай сэтгэлгээ.

Үнэн зөвөөр амьдарсан Монгол өвгөн, Финланд эрдэмтэн хоёр өдгөө тэнгэрийнхээ оронд амар амгалан суугаа биз ээ. Хэн ч тэр хоёрыг аль намын, ямар фракцын, хэдий хэр хөрөнгөтэй байснаар нь дурсахгүй, авсан авлига, хүртсэн бялуугаа бус, харин их эрдэм, энгүй мэдлэгээ бид бүхэнд өв болгон үлдээгээд явж дээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button