Мэдээ

Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө олимпын аваргатай барилдана

Чөлөөт бөхийн -57 кг жинд зодоглосон Б.Хонгорзул дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Фатүмата Яари Камараг 10-0 харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Эхний үед Б.Хогорзул дэвжээний зах руу шахуулж байхдаа дагуулж шидэн 4 оноо авсан ба улмаар ард нь гарч эргүүлэн 10-0 болгосноор үе дуусахаас өмнө яллаа.

Тэрээр хүрэл медалийн төлөө Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга АНУ-ын Хелен Луйз Марулистай өнөөдөр 19:55 цагаас барилдана.

Эхний шатандаа Европын аваргын хүрэл медальт Францын Матилд Ривиерийг ялсан Б.Хонгорзул шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайд 7-0 харьцаагаар ялагдсан.

Рисако Кавай финалд шалгарснаар Б.Хонгорзул дагаж барилдах эрхтэй болсон юм.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button